"Чингис хаан" уран зөгнөлт кино маргаашаас эх газрын Хятадын кино театруудад гарч эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2018-04-27 20:47:15
БЭЭЖИН. /Sina.com/. Олон зууны өмнө Евразийг байлдан дагуулж байсан Чингис хааны тухай өгүүлсэн "Чингис хаан" уран сайхны хэтрүүлэгт кино бямба гарагаас буюу маргаашаас эх газрын Хятадын кино театруудад гарч эхэлнэ гэж “Sina.com” цахим хуудас мэдээлжээ.
 
Өвөр Монголын найруулагч Хасчулуу найруулж, Францын найруулагч Жан-Жак Анно продюсероор нь ажилласан энэ кинонд Чингис хааныг далдын хар хүчний эсрэг тэмцэгч байдлаар дүрсэлсэн нь түүх болоод түүний улс төр ба цэргийн эрдэм чадлыг бахадсан бусад киноноос ялгаатай аж.

Чингис хааны түүхийг өгүүлсэн энэ кинондоо уран зөгнөлийн элементүүдийг ашигласан нь бүх Хятадын үзэгчдийг татах гэсэн "томоохон алхам" юм гэж найруулагч Хасчулуу тайлбарлажээ.
 
“Энэ кинондоо би Тэмүжиний дайснуудыг “буг чөтгөр” болгож дүрсэлсэн. Эгэл жирийн хүн эдгээр буг чөтгөрийг гайхамшгийн хүчээр дарж буй тухай энэ кинонд өгүүлнэ. Би түүхийг гуйвуулах гэсэнгүй. Хар хүч, буг чөтгөртэй тэмцэгч байдлаар Чингис хааныг дүрсэлсэн хэдий ч энэ киноны дийлэнх хэсгийг түүхээс сэдэвлэсэн” гэжээ.

Киноны таван гол баатрын гурвынх нь дүрд Хан үндэстэн тогложээ. Тухайлбал, Чингис хааны дүрд Хятадын залуусын дунд алдаршиж буй Хонконгийн жүжигчин Уильям Чан тоглосон байна.
 
Найруулагч Хасчулуу ярихдаа “Би уг нь Чингис хааны дүрд монгол хүн тоглуулах бодолтой байсан. Гэхдээ хөрөнгө оруулагчид киноны ашиг орлогыг харгалзан үзээд түүний дүрд Уильям Чаныг тоглуулахыг хүссэн. Би тэдний санааг ойлгож байна. Энэ бол арилжаааны бүтээгдэхүүн учир бид зах зээлийнхээ тухай эхлээд бодох ёстой” гэжээ.

https://www.youtube.com/watch?v=12vWOKKdZYs
 

Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ