Орчлон ертөнц дэх хамгийн том объектыг нээн илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-01 14:20:43
ЛОНДОН. /ТАСС/. Маш хүчтэй дуран авай ашиглан Орчлон ертөнц дэх хамгийн том хэмжээтэй объектыг одон орончид нээн илрүүлсэн тухай Их Британийн "Nature" сэтгүүлд бичжээ.

12,4 тэрбум жилийн өмнө SPT2349-56 гэдэг энэхүү тэнгэрийн эрхэс нь асар том хэмжээтэй байсан бөгөөд 14 галактикаас тогтож байжээ.

Эрдэмтдийн тооцоолсноор, өнгөрсөн хугацаанд уг объект нь бусад хэдэн зуун галактикийг залгиснаар хэмжээ нь улам томорч, Нарны массаас 1000 их наяд дахин илүү болсон аж.
 
Галактикуудын ер бусын энэхүү нэгдлийн хэмжээ нь төдийгүй нас нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн байна. Ажиглалтаас үзвэл, Их дэлбэрэлтээс 1,4 тэрбум жилийн дараа эдгээр 14 галактик хоорондоо нийлсэн аж. “Ийм богино хугацаанд галактикуудын бөөгнөрөл ийм том хэмжээнд хүрсний учир нь оньсого хэвээр байна” хэмээн судалгаанд оролцогчдын нэг болох Тим Миллер хэллээ.

Өнөөгийн онолоор бол, асар том хэмжээтэй галактикуудын бөөгнөрөл нь дор хаяж дээрхээс хоёр дахин урт хугацаанд бүрэлдэн бий болох ёстой аж. Иймээс эрдэмтдийн хувьд шинээр нээсэн үзэгдлийнхээ учрыг тайлбарлах хэрэгтэй болж байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ