Франс-Пресс: Улаанбаатарчууд "уушгиа хамгаалах"-ын тулд хүчилтөрөгчийн коктейль хэрэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-05-02 12:59:00
Монголд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод буй Улаанбаатарын агаарын бохирдлын талаарх "Улаанбаатарчууд уушгиа хамгаалахын тулд хүчилтөрөгчийн коктейль ууж байна" гэсэн гарчигтай нийтлэл Францын "Франс-Пресс" агентлагт гарсныг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

УЛААНБААТАР. /Франс-Пресс/. Эрүүл мэндийн салбарынхан “ямар ч үр дүнгүй” гэж мэдэгдсээр байгаа хэдий ч утаанд автагдсан Монголын нийслэл Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдлоос өөрсдийгөө хамгаалахын тулд “уушгины” гэх  тодотголтой цай болон “хүчил төрөгчийн коктейль” хэрэглэж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан буюу ЮНИСЕФ-ээс гаргасан тайланд дурдсанаар, Улаанбаатар хот нь агаарын бохирдлын түвшнээрээ 2016 онд Шинэ Дели болон Бээжин хотыг давсан юм. Тус хотын агаарын бохирдол хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хамгийн ихээр эрсдэл учруулахаар байна гэж ЮНИСЕФ-ийн тайланд анхааруулжээ.

Өвөлдөө Цельсийн -40 хэмээс давж хүйтэрдэг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот Улаанбаатарын агаарын бохирдол нь гэр хорооллын иргэд хоолоо хийж идэж, орон гэрээ дулаацуулахын тулд нүүрс түлдэгтэй шууд холбоотой. Мөн тээврийн хэрэгслүүдийн яндангаас ялгарч буй утаа болоод дулааны цахилгаан станцуудын утаа нь Улаанбаатарын агаарыг бохирдуулахад “хувь нэмэр оруулагчид” юм.

Энэ оны нэгдүгээр сарын 30-нд Улаанбаатарын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон агаарын бохирдлын байж болох хэмжээнээс 133 дахин өндөр байв.

Buildings disappear in the smog in Ulaanbaatar, where residents have resorted to sipping 'lung' tea and 'oxygen cocktails' in a desperate bid to protect themselves from pollution

ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, Монголд өвлийн улиралд агаарын бохирдлоос улбаатай амьсгалын замын өвчлөл бараг гурав дахин нэмэгдэж, уушгины хатгаа нь таваас доош насны хүүхдүүдийн аминд хүрч буй гол өвчин болоод байна.

Санаа зовсон эцэг эхчүүд агаарын бохирдлыг бууруулах дорвитой арга хэмжээ авахыг засгийн газраасаа шаардан эсэргүүцлийн жагсаалыг нэг бус удаа хийсэн.

Зарим бизнес эрхлэгч утааг “мөнгө болгон харж” уушги хамгаалах цай, хүчил төрөгчийн коктейль мэтийн зүйлийг худалдаж байна. ДЭМБ-ын албаны хүний хэлснээр, энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь уушгийг утаанаас хамгаалахад ямар ч үр дүнгүй аж.

“Амьдрал бол агаар”

“Нэг лааз хүчил төрөгчийн коктейль уух нь ойд гурван цаг алхахтай тэнцэнэ” гэсэн зар сурталчилгаа Монголд явж байна.

Улсын их дэлгүүрийн хүнсний тасагт “Амьдрал бол агаар” гэсэн нэртэй цэнхэр лаазтай хүчил төрөгчийн коктейлийг 2 ам.доллароор борлуулж байна. Мөн бусад дэлгүүр болон эмийн сангуудад хүчилтөрөгчийн коктейлийн машинууд суурилуулжээ.

Орост үйлдвэрлэсэн хүчил төрөгчийн коктейлийг хэрэглэгчдийн олонхи нь жирэмсэн эмэгтэйчүүд. Тэдний зарим нь бүр эмчийн заавраар үүнийг хэрэглэж байна.

Гурван хүүхдийн ээж бөгөөд нягтлан бодогч мэргэжилтэй Б.Мөнгөнтуул хэмээх 34 настай бүсгүй жирэмсэн байхдаа хүчилтөрөгчийн коктейль байнга уудаг байсан ч эм тарианд багагүй мөнгө зарцуулж байжээ. Тэрбээр ярихдаа “Өвөлдөө бид байнга л эм худалдан авдаг. Эм бараг бидний байнга хэрэглэдэг “хүнсний бүтээгдэхүүн” болж хувираад байна” гэж ярив. Монголын бусад олон айл өрхийн нэгэн адил тэднийх ч гэртээ цэвэр агаараар амьсгалахын тулд агаар цэвэршүүлэгч худалдан авчээ. Хорт утааг шүүдэг гэх энэ төхөөрөмжийг тэрбээр 300 ам.доллароор худалдан авсан байна.



Уушгины гүнд нэвтэрдэг агаар бохирдуулагч PM2.5 нарийн ширхэгт тоосонцорын түвшин өнгөрсөн онд нэг шоо метрт дунджаар 75 микрограмм байжээ. Энэ нь ДЭМБ-аас тогтоосон байж болох хэмжээнээс гурав дахин өндөр гэсэн үг юм. Багтраа, бронхит болон амьсгалын замын бусад урт хугацааны өвчин нь агаарын бохирдлоос улбаатай.

Монголчуудын зарим нь “Энхжин”, “Их Тайга” болон “Др.Баатар” зэрэг уушги цэвэрлэдэг гэх цайнуудыг ууж байна.

“Др.Баатар” цайг үйлдвэрлэдэг компанийн захирал Ч.Баатар ярихдаа “Өвлийн улиралд агаарын бохирдлын оргил үед манай бүтээгдэхүүний борлуулалт 20-30 хувиар өсдөг” гэв. Тэрбээр ярихдаа “Манай энэ бүтээгдэхүүн цусан дахь хорт бодисыг гадагшуулж, уушгин дахь хорыг нус цэрээр дамжуулан гадагшлуулдаг. Энэ цайн дахь бүх ургамал нь хүний дархлааны тогтолцоог дэмжих үйлчилгээтэй” гэлээ.

Гэхдээ ДЭМБ-ын Нийтийн эрүүл мэндийн газрын тэргүүн Мария Нейра хэлэхдээ “Уушги болоод зүрх судасны тогтолцоог хамгаалах “хамгийн бодит шийдэл” бол агаарын бохирдлыг багасгах юм. Бизнес эрхлэгчид хүчилтөрөгчийн коктейль болон уушгины гэх тодотголтой янз бүрийн цайнуудыг санал болгож байна. Эдгээр бүтээгдэхүүн уушгийг цэвэрлэж, хамгаалахад тустай гэх шинжлэх ухааны ямар ч үндэслэл  байхгүй” гэв.

“Бухимдсан эцэг эхчүүд”

Төрийн бус байгууллагууд, тухайлбал “Утааны эсрэг ээж аавууд”-ын мэдэгдсэнээр, Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлыг багасгахын төлөө дорвитой арга хэмжээ авахгүй байгаагийн улмаас жирийн иргэд эрүүл мэндээ хамгаалах гэж хэтэвчээ хоосолж байна.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан энэ оны эхээр Улаанбаатар хотын төв талбайд хэвтээ жагсаал хийсэн. Тус ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал хэлэхдээ “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрч нэмэгдлээ. Гэсэн хэдий ч бодлого боловсруулагчид утаагүй зуух, сайжруулсан түлшний тухай л ярьсаар цаг хугацааг өнгөрүүлж байна” гэв. Мөн гэр хорооллыг дахин төлөвлөх ажил хэт удаашралтай байна гэж тэрбээр хэллээ.

Монгол Улсын Засгийн газар 2008-2016 онд агаарын бохирдолтой тэмцэхэд 120 сая ам.доллар зарцуулжээ. Энэ мөнгөний тал хувь нь гадаадын тусламж. Утаа бага ялгаруулдаг гэх зуухыг гэр хорооллын айл өрхүүүдэд тараахад 60 сая орчим ам.доллар зарцуулсан байна.

Өнгөрсөн онд Монгол Улс агаар цэвэршүүлэгч борлуулдаг компаниудыг татвараас чөлөөлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 1.6 сая ам.долларын өртөг бүхий агаар цэвэршүүлэгчүүдийг ерөнхий боловсролын сургуулиудад тараах шийдвэр гаргасан юм.

Ашгийн бус байгууллагууд ч агаар цэвэршүүлэгч, амны хаалтуудыг сургууль, цэцэрлэг болон эмнэлгүүдэд тараасан байна.

“Утаа ба хүүхэд” ашгийн бус байгууллагын төлөөлөгч Т.Даваадалай ярихдаа “Зөөврийн агаар цэвэршүүлэгчид хүчилтөрөгч  өгч чадахгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газрын агаар цэвэршүүлэгч тараах шийдвэр бол маш муу шийдвэр. Тэд ямар ч үр дүнгүй бизнесийг зүгээр л санхүүжүүлж байна” гэлээ.

https://www.afp.com/en/news/2265/mongolians-sip-oxygen-cocktails-cope-smog-doc-10x14s3
 

Г.Доржханд


 

Холбоотой мэдээ