Энэ онд утга зохиолын салбарт Нобелийн шагналтан тодруулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2018-05-04 18:31:03
СТОКГОЛЬМ. /Синьхуа/. Энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзнийг энэ онд бус ирэх онд зарлана гэдгээ Шведийн академи өнөөдөр мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Шведийн Нобелийн шагналын утга зохиолын академийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Андерс Олссон өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Бид удаан хугацаанд нухацтай зөвлөлдсөний эцэст энэ ондоо утга зохиолын салбарт Нобелийн шагнал олгохгүй байхаар шийдлээ. Гэхдээ 2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзнийг зарлахдаа 2018 оны шагналын эзнийг зарлах болно” гэжээ.

Тус академийн санхүүжилтээр соёлын төсөл хэрэгжүүлж байсан Францын гэрэл зурагчин Жан-Клод Арногийн бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ 18 эмэгтэй нийтэд дэлгэж, улмаар дуулиан шуугиан газар авсантай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Бэлгийн дарамт, хүчирхийллийн заримыг нь тус академийн байранд үйлдсэн гэж өөрсдийгөө хохирогч гэж буй эмэгтэйчүүд мэдэгдсэн гэнэ. Харин Жан-Клод Арно энэ бүх мэдэгдлийг няцааж байгаа аж.

Нобелийн шагналын эзнээр тодорсон хүмүүсийг хугацаанаас нь өмнө дэлгэж байсан гэж Жан-Клод Арно-г мөн сэжиглэж байгаа юм. 

Утга зохиолын салбарт 1901 оноос Нобелийн шагнал олгож эхэлсэн байна. Дэлхийн дайнуудын үеийн зургаан жилийг эс тооцвол ердөө 1935 онд л "Нобелийн шагнал авах хэмжээний бүтээл туурвисан хүн байхгүй байна" гэх шалтгаанаар утга зохиолын салбарт Нобелийн шагналтныг тодруулж байгаагүй гэнэ. 
 

Г.Доржханд

Холбоотой мэдээ