Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-05-08 10:23:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч хүчтэй шороон шуургатай, нутгийн баруун хагаст сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,  12-нд нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 9-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаахан байна.
Холбоотой мэдээ