Жонатан Эдлтон: Монгол ба ноолуур...

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-05-10 19:48:33
АНУ-аас Монголд суух Элчин сайдаар  2009-2012 онд ажиллаж байсан, өдгөө Мерсерийн их сургуулийн Олон улс судлалын тэнхимийн эрхлэгч бөгөөд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Жонатан Эдлтон Монголын тухай хэрхэн бичсэнийг орчуулан хүргэж байна.

ВАШИНГТОН. /The Daily Caller/. Монгол бол олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд төдийлөн ороод байдаггүй улс орнуудын нэг юм. XIII зууны үед дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан Чингис хаан бол тус улсын “таних тэмдгүүдийн нэг”. XX зууны эхээр тусгаар тогтносон тус улсыг дэлхий дахин саяхныг хүртэл “дэлхийн хамгийн алслагдсан, хүрэхэд бэрх газруудын нэг” мэтээр төсөөлсөөр байсан юм. Тус улс нь XX зууны сүүлчээр Зөвлөлтийн сүүдрээс гарч, социализмаас ардчилсан тогтолцоонд тайван замаар шилжсэн билээ.

Харин саяхнаас Монгол Улс нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татах болсон юм. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын удахгүй хийхээр төлөвлөж буй түүхэн дээд хэмжээний уулзалт болох магадлалтай газруудын тоонд Монголын нийслэл Улаанбаатар хотыг шинжээчид багтаах болсонтой холбоотой.

Энэ уулзалт Улаанбаатарт болох үгүйгээс үл хамааран АНУ-д Монголтой харилцаагаа улам бүр бэхжүүлэх боломж бий.

Далайд гарцгүй Монгол нь мөнхийн хоёр хөрш Орос болон Хятадаас бусад улс оронтой харилцаагаа бэхжүүлэхийн тулд “гуравдагч хөрш” хэмээх гадаад бодлогыг баримталдаг юм. Монголын “гуравдагч хөрш”-үүдийн тоонд АНУ зүй ёсоор багтдаг билээ. Монгол нь дэлхийн бусад улс оронтой харилцахдаа аюулгүй байдлын асуудал болоод эдийн засгийн асуудлыг эн тэргүүнд тавьдаг.

Монгол Улс нь ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд дээрээсээ Хятадын дараа хоёрдугаарт бичигддэг.  Ноолуураар хүзүүний ороолт, цамц зэрэг төрөл бүрийн тансаг зэрэглэлийн хувцас болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Чухамдаа, ноолуур нь Монголын өвөрмөц онцлогтой нүүдлийн соёлын амин чухал хэсэг бөгөөд малчдын орлогын гол эх үүсвэрүүдийн нэг билээ.

АНУ-ын хувьд Монголтой хийж буй худалдааны хэмжээ ердөө “бутархай тоогоор” илэрхийлэгдэж байна. Гэсэн хэдий ч Монголын хувьд ноолуурын экспортоо өргөжүүлснээр “томоохон амжилт”-д хүрэх боломжтой. Зэс, нүүрс, алт, газрын ховор элементүүд болон бусад ашигт малтмалаар баялаг Монгол Улс нь ноолуурын салбараа эрчимтэй хөгжүүлэх замаар эдийн засгаа төрөлжүүлэхийн зэрэгцээ Хятад болон Оросоос эдийн засгийн хувьд хараат байдлаа багасгаж болно.

Өнгөрсөн жилүүдэд АНУ-ын Конгрессын гишүүд худалдаа болоод үндэсний ашиг сонирхол хоорондоо шууд уялдаа холбоотой болохыг хүлээн зөвшөөрч, жижиг холбоотнуудаа уламжлалт тусламжийн хөтөлбөрүүдээс илүү үр дүнтэй бодлогуудаар дэмжсээр ирсэн.
.
Монголын ардчилал, зах зээлийн эдийн засгийг бататган бэхжүүлэхийн тулд тус улстай харилцахдаа худалдааны бодлого баримтлахыг АНУ-ын Иллинойс муж улсаас Төлөөлөгчдийн танхимд сууж байсан гишүүн Филипп Кран анх санал болгосноор 1992 онд ердөө 10 хүрэхгүй сая ам.доллароор хэмжигдэж байсан АНУ болон Монголын хоёр талын худалдааны эргэлт 2012 он гэхэд 700 сая гаруй ам.доллар болж өссөн билээ.

Худалдааны харилцаа сайжрахыг дагаад бусад салбарт ч хоёр талын хамтын ажиллагаа бэхжиж эхэлсэн. Америк болон Монголын цэргүүд Афганистанд одоо хамтдаа үүрэг гүйцэтгэж байгаа нь үүний нэгэн жишээ юм.
Д.Трампын засаг захиргаа болон Конгресс одоо Монголтой эдийн засгийн харилцааг цаашид бэхжүүлэх боломжит хувилбаруудыг судалж, үнэлж байна. Тухайлбал, Монголоос  нэхмэл бүтээгдэхүүн, тэр дундаа ноолууран бүтээгдэхүүн импортлох замаар АНУ-Монголын түншлэлийг бэхжүүлэх асуудлыг авч хэлэлцэж байна.

Трамп-Кимийн уулзалт болох магадлалтай газруудын тоонд Монголыг багтаасан агуулга бүхий мэдээ мэдээллүүд гарахаас ч өмнө Флорида муж улсыг төлөөлөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд сууж буй Тед Йохо Зүүн Азийн хөгжиж буй улс орнуудын тухай ярихдаа “Монгол шиг жижиг улс орнуудад зүгээр эдийн засгийн тусламж үзүүлээд байхын оронд тэдгээртэй худалдаа хийх нь чухал” гэж мөн хэлж байв.

АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлснээр Монгол Улс нь дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн өсөлт-уналтын мөчлөгөөс хамааралтай байдлаа багасгаж, эдийн засгаа төрөлжүүлэх боломжтой. Эдийн засгийн салбарт жижиг алхмууд том амжилтад хүргэдэг гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.

Америкийн үйлдвэрлэлийн ямар ч салбарт “аюул учруулахгүй” давуу талтай, дэлхийд гайхагдах дээд зэргийн чанартай ноолууран бүтээгдэхүүнээрээ АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх бүрэн боломж Монголд байна.

http://dailycaller.com/2018/05/08/why-mongolia-and-cashmere-matters/
 
Г.Доржханд


Холбоотой мэдээ