Францын нүдний эмч нар Өвөрхангай аймагтай гурван жил хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-13 12:33:22
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Actions Mongolie” төрийн бус байгууллагын урилгаар Франц улсын нүдний эмч, доктор Чантел Новель өнгөрсөн долоо хоногт аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажилласан байна.
Тэрээр нүдний кабинетын үйл ажиллагаатай танилцаж, нүдний эмч Б.Чанцалдуламтай хамтран 30 иргэнд үзлэг оношилгоо хийн зөвлөгөө өгчээ. Мөн БОЭТ-ийн нүдний кабинетад нүдний өнцөг, уг, торлог, шилэнцэрийн гурван тольт нүдний линз, авторефракто, кратометр зэрэг сохролоос урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай, 400 еврогийн өртөг бүхий тоног төхөөрөмж хандивлажээ. 


“Actions Mongolie” ТББ болон Францын нүдний эмч нарын нийгэмлэг нь аймгийн Засаг дарга Г.Ганболд, БОЭТ-ийн захирал А.Хүдэрчулуун нартай гэрээ байгуулж, гурван жил хамтран ажиллахаар тохирлоо. Франц эмч нар жилд нэг удаа ирж үзлэг хийхийн зэрэгцээ, монгол эмч нарт заавар зөвлөгөө өгөх ажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ