Японы зах зээлд нэвтрэх боломжтой 14 нэр төрлийн бүтээгдэхүүний дээжийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-05-15 14:51:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргалын урилгаар Олон улсын найрамдлын зөвлөлийн  Монгол-Японы соёл, эдийн засгийн солилцооны нийгэмлэгийн тэргүүн Наохико Ито, Японы тэргүүлэгч компанийн үүсгэн байгуулагч, захирал нарын 8 төлөөлөгч өнөөдөр тус санд зочиллоо.

Шинжлэх ухаан технологийн сан өнгөрсөн сард шинжлэх ухааныг дэмжих Японы JSPS нийгэмлэгийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын орлогч дарга Акико Фукита, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро нартай уулзан хамтран ажиллах эхлэлээ тавьсан бол энэхүү уулзалтаар Япон Улсад Монголын эрдэмтэн судлаачдын хэрэгжүүлсэн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, гадаад зах зээлд гаргах гарц, боломжийг судлахад хамтран ажиллах, түншлэл тогтоохоор боллоо.   

Энэ удаагийн уулзалтаар шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадавхжуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Японы санхүүжилттэй тэтгэлэгт эрдэмтдийг хамруулах, Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах, оюуны үнэт бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологи дамжуулах, гадаад борлуулалтын суваг нээх зэрэг сэдвийг хөндсөн юм.
Японы төлөөлөгчдийг “Эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-тай танилцуулав. Төлөөлөгчид үзэсгэлэнгийн эко бүтээгдэхүүнээс Японы зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзэн 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг онцлон дээжсийг аваачин танилцуулахаар болов.

Мөн өмнөх уулзалтаар гаргасан Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргалын хүсэлтийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро хүлээн авсан тул тус сангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсныг албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Монгол-Японы хамтын ажиллагааг дэмжиж, зүрх сэтгэлээ зориулан ажилладаг бөгөөд түүний санаачилсан “1000 инженер”, “Япон-Монголын эдийн засаг хамтын ажиллагаа” төсөл өнөөдрийг хүртэл үргэлжлэн хэрэгжиж байгаа аж.
Шинжлэх ухаан технологийн сан, Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар нэлээд ажил хийж буйн нэг нь энэхүү үйл ажиллагаа юм.

Олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаачдыг мэргэшүүлэх, давтан сургах зэргээр хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, ялангуяа Монгол брэндийг Япон Улсад нутагшуулах, олон улсын зах зээлд гаргаж Монгол эрдэмтдийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, оюуны хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй болгоход энэхүү хоёр талт уулзалт ач холбогдолтой хэмээн төлөөлөгчид дүгнэсэн юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ