Шувуу таних аялал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-15 16:00:10
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран жил бүр уламжлал болсон ЕБС-ийн Эко клубын сурагчид болон шувуу сонирхогчдын "Увс нуурын шувуудын өдөр" аяллыг энэ амралтын өдрүүдээр зохион байгууллаа.
Аяллын үеэр сурагчдын дунд шувуу ажиглах аялал, шувуудын зураг авах зэрэг сонирхолтой тэмцээнүүд зохиогджээ. Мөн сурагчид Увс нуурын хөвөөн дэх шувуудыг таньж тодорхойлон, нуурын эргээр өглөөний алхалт хийсэн байна. Энэ үеэр аймгийн мэргэжилтнүүүд 48 зүйлийн шувуу бүртгэж, хун шувууны зургийг долоон метрийн зайнаас даржээ. Салхитай хүйтэнд нуурын эрэг дээр майханд хонох хэцүү байсан ч түмэн зүйлийн шувуудыг таньж мэдсэн хүүхдүүд баяр хөөр дүүрэн буцаж ирсэн байна.
 
Мөн Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын Захиргааны ажилчид Увс нуурын Торхилог хэсгийн Хатуугийн адгаас Торхилог, Хөндлөн, Улаангом, Тэсийн хэсгийн Жирээгийн голын адаг хүртэл нийтдээ 35 цэгт усны шувуудын зүйлийн бүрдэл, тоо толгой, тархалт байршлыг тогтоох судалгааг өнгөрсөн долоо хоногт хийжээ. Судалгааны явцад хяналт шалгалт хийж, ард иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж болон хог хаягдлын талаар мэдээлэл өгсөн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ