Д.Пүрэвдаваа:Хариуцлагатай гэр бүл хэмээх үгийн утгыг залуус маш сайн бодох учиртай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-05-15 18:10:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүрэг 2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарласан бөгөөд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр “Бид хариуцлагатай гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь өрх гэр, гэр бүлийн уламжлал болон өнөөгийн амьдралын дүр төрх, хэв маяг, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдлэг, туршлага, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, боловсролын талаарх ойлголт мэдлэгийг өгөх, гэр бүлийн тухай хуулийг сурталчлах зорилготой юм.
Тус дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, “Хүүхдийн хөгжлийн жилийг хэрэгжүүлэхийн төлөө иргэдийн санаачилга болон ойлголцол маш чухал. Аз жаргалтай гэрээс аз жаргалтай нийгэм бий болдог. Тиймээс цаашид иргэдтэй хамтран ажиллах болно” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваа, “Засгийн газар гэр бүл болсон хосуудад уламшуулал үзүүлж байсан 2005-2009 онд 48 мянга гаруй хос гэрлэжээ. Харин гэр бүл цуцалсан тоо 1989 онд 1000 гаруй хос байсан бол 2007 онд 4000 хүрч жилээс жилд нэмэгдэж байгаа үзүүлэлттэй байна. 10-аас дээш жил хамт амьдарсан гэр бүлийн салалтын тоо хамгийн өндөр байгаа нь маш харамсалтай. Өнөөдрийн өдөрлөгийн сэдэв болсон хариуцлагатай гэр бүл гэх үгийг залуус эргэн санах учиртай” хэмээн тэмдэглэсэн юм.
Өдөрлөгт Анагаах ухааны доктор, хүний их эмч Э. Энхмаа “Гэрийн угийн бичгээ хөтлөхөд аав ээжийн үүрэг, оролцоо”, НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр, жендерийн мэргэжилтэн Н.Золзаяа “Гэр бүлийн харилцаанд тулгамдсан асуудлуудыг даван туулах нь” сэдвээр тус тус лекц уншлаа. Анагаах ухааны доктор, хүний их эмч Э.Энхмаа илтгэлдээ, “Монголчууд өөрийн ургийн овгоо заавал мэддэг, өөрөөсөө 9 үеийн өвөг дээдсийг эцэг эхчүүд хүүхдүүддээ өвлүүлэн заах уламжлалтай байсан. Мөн нүүдэлчид хол нутагт амьдардаг байсан болохоор залуус хоорондоо танилцах боломж бүрддэг байсан юм. Харин сүүлийн 93 жил монголчууд өөрийнхөө овгийг  мэдэхээ больж өвөө эмээгээсээ цааших өвөг дээдсийн мэдээлэлгүй болсноос шалтгаалан цус ойртолт ба холилдол харагдаж  түүнээс болж хүүхдийн хөгжлийн явцад гажиг үүсч байна. Үнэндээ өнөөгийн залуучуудад 3-4 үеийн цусан төрлийн хамаатан хооронд гэрлэхэд илэрдэг генийн давтамжийн үзэгдэл гарч байна” гэдгийг дурдав.
Тус дүүргийн ИТХ, ЗГТГ болоод Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулсан уг өдөрлөгт 28 хорооны төлөөлөл 200 гаруй гэр бүл оролцсон юм. 
 
Ц.Наоко
 
 
 

Холбоотой мэдээ