Чингис хотод "Эко жорлон" төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-05-16 22:58:27

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Чингис хотын удирдлагууд "Эко жорлон" төслийг ирэх 2019 онд гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдөр эхний алхмаа хийлээ.

Тодруулбал, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Д.Гантулга нар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын монгол дахь суурин төлөөлөгч, доктор Сергей Диордицатай уулзлаа. 

Энэ үеэр Чингис хотынхоо ард иргэдийг хэвшсэн нүхэн жорлонгоос салгаж, хөрсний бохирдлоос сэргийлэх "Эко жорлон" төслөө ДЭМБ-ын суурин төлөөлөгчид гардуулан өгч санал солилцсон юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Чингис хот Эко жорлон төслийг хэрэгжүүлснээр нэгдүгээрт Хэрлэн голын ундны ус болон газрын хөрсийг бохирдлоос хамгаалах, хоёрдугаарт иргэдийн хуучин хэрэглээг халж, шатрын хөлөг шиг ухаж явсаар хашааныхаа эзэмшлийн газрыг жорлон болгож дуусгадаг жишгийг хална гэдгээ онцолж байлаа. Харин ДЭМБ-ын төлөөлөгчийн хувьд улсын хэмжээнд жишиг болохуйц энэхүү шинэ санаачлагыг хэрэгжүүлэхэд анхаарал тавина гэдгээ илэрхийлээд, ирэх долдугаар сардаа багтаан энэ төсөл дээр хэрхэн дэмжиж хамтран ажиллах тухайгаа хариу өгнө гэдгээ мэдэгдсэн юм. 

Ц.Идэрбат даргын хувьд ДЭМБ-ын төлөөлөгч С.Диордацаг өнгөрсөн гуравдугаар сард Хэнтий аймагт ажиллах үеэр нь энэхүү саналаа уламжилж, хамтран ажиллах талаар санал солилцож байсан аж.

Д.Одонтунгалаг

 


Холбоотой мэдээ