Чуулганы нэгдсэн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-17 08:48:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар  11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн хууль, Хуулийн этгээдийн болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон байна. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хөрс хамгааллын чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого” сэдвээр мэдээлэл хийнэ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ