Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2018-05-17 12:21:58
Сочи /МОНЦАМЭ/. ОХУ-ын “Росатом” корпораци 10 дахь удаагийн АТОМЭКСПО олон улсын хурал &үзэсгэлэнг 5 дугаар сарын 14-16-нд Сочи хотод амжилттай зохион байгуулав. Ойн арга хэмжээнд дэлхийн 60 гаруй орны 3.000 гаруй төлөөлөгч оролцлоо.
АТОМЭКСПО нь “Росатом” корпорацийн санаачилгаар 2009 онд анх зохион байгуулагдсанаас хойш 10 жилийн дотор дэлхийн цөмийн эрчим хүчний салбарын гол үйл ажиллагааны нэг болтлоо өргөжин тэлжээ. Харин зохион байгуулагч “Росатом” корпораци 2007 онд байгуулагдсан юм.
Төрийн өмчит “Росатом” корпораци нь цөмийн эрчим хүчийг хэрэглэх тухай төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ОХУ-ын олон улсын өмнө хүлээсэн цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах үүргийг биелүүлэх зорилгоор өдгөө дэлхийн 44 улсад үйл ажиллагаа явуулж байна.Москвад төвтэй тус компани нийт 300 гаруй охин компани, 250 мянга гаруй ажилтантай.
Насаар харьцангуй залуу ч өдгөө ОХУ-ын хамгийн том компаниудын нэгт зүй ёсоор багтаж, 2017 онд тус улсын нийт эрчим хүчний хэрэглээний 18.9 хувийг хангажээ. Тус компани нэгэн зэрэг хэрэгжүүлж буй цөмийн реакторын барилгын ажлын үзүүлэлтээрээ дэлхийд нэгт (Орост 6, олон улсад 33), цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ гуравт жагсаж байна. Түүнчлэн цөмийн эрчим хүчний салбараас гадна цөмийн анагаах ухааны чиглэлээр цацраг идэвхт изотоп, тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг.
“Росатом” корпораци Монгол Улсын Цөмийн энергийн комисс, төрийн өмчит  “Мон-Атом” ХХК-тай хамтран ажиллагаатай. АТОМЭКСПО олон улсын форум &үзэсгэлэнд Цөмийн энергийн комисс, “Мон-Атом” компани удирдлагын түвшинд оролцсон билээ.
Дашрамд дурдахад, Цөмийн энергийн комисс болон “Росатом” корпораци Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичигт энэ оны 2 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан юм.
Х.Амина
Холбоотой мэдээ