Хөгжлийн банкны хөгжил

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-17 17:20:52
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эдийн засагч, дэд профессор, СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан ийнхүү ярьж байна.

Зах зээлд шилжин орсноос хойш Монголчууд бид санхүүгийн салбарын хүрээнд шинэ нэр томъёо, ойлголт байгууллагуудтай өргөн хүрээнд танилцаж байгаа нь Монгол улс Олон улсын хөгжлийн алхаагаар алхаж байгаагийн нэгэн илрэл мөн боловч эдгээр нь Монголчуудын сэтгэлд хэр эерэг дотно хэлбэрээр үлдсэн, Монгол Улсын эдийн засагт тухайн цаг хугацааны түүхэн үүргээ хэрхэн биелүүлсэн нь бидний хувьд чухал юм.

Харамсалтай нь хувьцаа, бонд гэх мэтчилэн зарим ойлголт бидний хувьд тийм ч таатай бус байдлаар яригдаж дурдагдсаар өдий хүрлээ. Үүний шалтгаан нь бидний зүгээс  эдгээрийн талаар таатай сэтгэгдэл үзүүлж чадах хэмжээнд ая данг нь тааруулж эдийн засаг нийгмийн хөгжилдөө зөв ашиглаж чадсангүй гэсэн үг болохоос эдгээр зүйл хэрэггүй буруу зүйл гэсэн үг биш юм. Цаашид нэгэнт зах зээлийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон Хөрөнгийн зах зээл, Хөрөнгө оруулалтын банк болон бусад институцыг бид өөрийн орны хөгжлийн онцлогт тохирсон хэлбэрээр улам боловсронгуй болгон хөгжүүлэх нь чухал юм.

Энэ  нийтлэлийн хүрээнд та бидний танилцаад удаагүй байгаа боловч дэлхийн олон улс оронд байдаг, зөв хөгжүүлж чадвал улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж болох нэгэн санхүүгийн байгууллагын тухай өөрийн санаа бодлыг та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм.

Энэ бол Монгол улсын Хөгжлийн банк. Энэ байгууллагыг анх байгуулж байхад миний хувьд эсэргүүцсэн байр суурьтай байснаа санаж байна. Энэ нь тухайн эдийн засгийн орчин төрийн оролцоотой дахиад нэг санхүүгийн хүчирхэг институц гарах, төр сайн менежер байж чадахгүй байгаа өнөө үед дахин нэг завхрал, авилга бусад бусармаг зүйлсийн эх сурвалж болох вий гэсэн болгоомжлол байсныг нуух юун. Энэ ч зарим талаар батлагдсан бөгөөд 2012-2016 оны үед Эдийн засгийн хөгжлийн яам, хөгжлийн банкны хэрэгжүүлсэн зарим төсөл арга хэмжээ, өрийн удирдлагын асуудалд одоо ч гэсэн эргэлзээтэй зүйлс байсаар байна.

Хөгжлийн банкуудын хөгжлийн түүхээс харахад энэ нь Дэлхийн санхүүгийн хөгжлийн нэгэн чиг хандлага бөгөөд үүний оролцоотойгоор төрийн гүйцэтгэх эдийн засгийн үүргийг амжилттай хэрэгжүүлж болох нь харагдаж байна.

Тэгвэл бидний хувьд төрийн оролцоо бүхий ийм банк байх нь зөв эсэх, түүний эдийн засагт үзүүлэх үр нөлөө ямар байх талаар бид тодорхой нэгдсэн байр сууринд хүрч хэрвээ хэрэгтэй гэдэг нь батлагдвал түүнийг зөв хөгжүүлэхийн төлөө бүх талаас нь дэмжин ажиллавал зохино.

Нөгөө талаас хөгжлийн банкны асуудал нь Монгол улсад өнөө үед тулгамдаад байгаа хөгжлийн эдийн засгийн бодлоготой салшгүй холбоотой асуудал бөгөөд төрийн оролцоо хэрэгтэй эсэхтэй салшгүй холбоотой зүйл юм.

Эдийн засгийн хүрээнд бидний хувьд хэт либерал байр суурьтай байх уу? Эсвэл төрийн оролцоотойгоор эдийн засгийн хөгжлийг хангаж түүнийгээ нийгмийн хөгжил болгон хөгжих үү гэсэн асуудлын өмнө бид тулгараад байгаа билээ.

Амжилттай хөгжсөн улс орнуудын хувьд төрийн оролцоотойгоор эдийн засгаа хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж тодорхой салбаруудыг дэмжих, үндэсний томоохон корпорациудыг бий болгосноор эдийн засаг нь хүчирхэгжиж, нийгмийн хөгжлийн зохих түвшинд хүрсэн олон жишээ байдаг.

Энэ хэлбэрээр хөгжихөд хөгжлийн институци чухал бөгөөд санхүүгийн зах зээлийн хүрээнд Хөгжлийн санхүүгийн байгууллагууд түүний дотор Хөгжлийн банк байдаг байна. Гэхдээ энэ институцыг ашиглан эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд төрийнзөв,холч бодлого, чиглэл, хэрэгжүүлэх зөв механизм чухал гэдэг нь тодорхой юм.

Хөгжлийн банкны тухай

Дэлхийн хэмжээнд төрийн өмчийн санхүүгийн институцуудыг нийтлэг байдлаар Хөгжлийн санхүүгийн байгууллагууд хэмээн авч үздэг бөгөөд үүний дотор голлох байр суурь эзэлдэг байгууллага нь хөгжлийн банк юм. Дэлхийн банкны судалгаанд “хөгжлийн банк нь арилжааны банк болон хөрөнгийн зах зээлийг ашиглалгүйгээр бүх түвшиний аж ахуйн нэгжийг дэмжих, өрхүүдэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын хамгийн гол хэрэгсэл”гэж тодорхойлсон байдаг.

Хөгжлийн банкууд нь улс орон бүрийн хувьд харилцан адилгүй цаг хугацаанд тодорхой зорилго шалтгаантай бий болсон байдаг бөгөөд дэлхий дээр 76 оронд 130 гаруй хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж байна.

Зураг 1. Дэлхийн хөгжлийн банкуудын байгуулагдсан хугацаа

Эх сурвалж: (World bank group, 2017/09/19)

Хөгжлийн банкуудын зээлийн багцын хэмжээ 2010-2015 онд 64 хувь буюу жилд 13 хувь өссөн байна. Төрийн өмчийн санхүүгийн институцын түвшин дэлхийн хэмжээнд 25 хувь, Европын холбооны хувьд 30 хувь, Бриксийн орнуудын хувьд түүнээс ч өндөр байдаг байна. Хөгжлийн банкууд нь төрийн бодлогын хүрээнд хувийн секторын санхүүгийн байгууллагууд дэмжих боломжгүй болон хүсэхгүй байгаа эдийн засгийн хөгжлийг тодорхойлох стратегийн салбаруудыг дэмжих зорилготой байдаг байна.

Сүүлийн жилүүдэд Хөгжлийн банкуудын үүрэг харьцангуй өөрчлөгдөж тогтвортой хөгжлийн чиг баримжаатай болж байгаа бөгөөд энэ нь хөгжингүй орнуудын хувьд илүү ажиглагдаж байна. Энэ хүрээнд сэргээгдэх болон байгаль орчинд хор нөлөө багатай эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд хөгжлийн банкны оролцоо ихээхэн нэмэгдэж байна.

Монгол Улсын хөгжлийн банкны түүх

2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 195 дугаар тогтоол гарч, 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль батлагдсанаар Хөгжлийн банкыг байгуулах асуудлын эхлэл тавигдаж, Монгол улсад хөгжлийн банк хэмээх шинэ санхүүгийн институци бий болох зам нээгдсэн. Энэ нь зөв талаас нь харвал Монгол улс эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих нэг томоохон хөдөлгүүртэй болсон гэж үзэж болох юм.

2016 оны 11 дүгээр сарын 31-ийг хүртэл хөгжлийн банк нийт 6 их наяд төгрөгийн зээл олгосноос Улсын төсвөөс эргэн төлөгдөх 3.2 их наяд, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 1.7, арилжааны банкуудаар дамжуулж олгосон 1 их наяд төгрөгийн зээл байна. Энэ нь хөгжлийн банк нь Энэ богино хугацаанд Монгол улсын банкны системийн нийт зээлийн 50 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгож эдийн засгийн хөгжилд зохих хувьд нэмэр оруулсан байдал харагдаж байна. Гэхдээ тухайн хугацаанд татан төвлөрүүлсэн хөрөнгийн ашиглалт, зээл олголтын хувьд алдаа дутагдал олон байсан юм.

Тухайн жилүүдэд явуулсан үйл ажиллагааны хүрээнд i) Хууль эрх зүйн зөрчил, ii) Төслийн санхүүжилтыг хэтрүүлсэн зөрчил, iii) Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд зэрэг зөрчлүүд гарч хохирлын хэмжээ хэдэн их наядаар хэмжигдэж байсан нь УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар ил болсон байна.

Эдгээр зөрчлүүд гарах үндсэн шалтгаан нь i) Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, ii) Үйл ажиллагаанд нөлөөлөх Засгийн газар, улс төрийн нөлөөлөл өндөр, iii) Удирдах албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал зэрэгтэй холбоотой байсан байна.

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд гарсан эдгээр алдаа дутагдал нь улс төрийн нөлөөлөл, түүнээс хамаарсан хуулийг үл хэрэгжүүлэх байдал, шаардлагатай үедээ Хөгжлийн банкны талаар гаргасан тогтоол шийдвэр, дүрэм журмыг өөрчилж байсантай холбоотой юм. Эдгээр нь тухайн банкны үйл ажиллагааг эргэн харах, сайжруулах, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагыг бий болгосон юм.

Хөгжлийн банкны өөрчлөлт шинэчлэлт

2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж Хөгжлийн банкны тодорхойлолтоос эхлээд үйл ажиллагаа, баримтлах зарчим, шалгуур, хяналт шалгалт, тайлагнал ил тод байдлын түвшинд зохих өөрчлөлтийг хийснээр Хөгжлийн банк өмнөх алдаагаа арилгах шинэ хэлбэрээр ажиллах орчин нөхцөл бүрдсэн юм.

Энэ хүрээнд i)Хөгжлийн банк санхүүгийн байгууллагын хэмжээнд зохицуулалт, хяналттай болж Монголбанк тогтмол хяналт тавьж ажиллах болсон, ii) Хуулийн хүрээнд тавигдсан шаардлагын хүрээнд бие даан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх болж зээлийн үйл ажиллагаанд Засгийн газар, улс төрийн нөлөө буурах нөхцөл бүрдсэн явдал зэрэг чухал өөрчлөлтүүд бий болсон юм.

Энэхүү эрх зүйн орчны өөрчлөлтөд нийцүүлэн 2017 оны 4 сард Хөгжлийн банкны дүрмийг шинэчлэн батлуулж тухайн жилд хөгжлийн банкны зүгээс дараах томоохон шинэчлэлийг хийж чадсан байна. Үүнд:
  • Эрх зүйн орчныг шинэчилж, бие даан хараат бусаар үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх
  • Санхүүгийн чадавхийг бэхжүүлэх
  • Үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлэх
  • Банкны дотоод мэдээллийн системийг шинэчилж, үйл ажиллагааг автоматжуулах
Мөн хууль эрх зүйн хүрээнд бий болсон боломжийг ашиглан өөрийн үйл ажиллагааг өргөжүүлж хөрөнгө оруулалт, лизингийн чиглэлийн 2 охин компани байгуулан ажиллаж байна. Үйл ажиллагааг сайжруулах хүрээнд зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн нь томоохон дэвшил болсон байна.

Цаашид санхүүжилтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлж байгаа нь Хөгжлийн банк бие даан хөгжиж, хөгжлийн санхүүжилтыг бий болгох боломжийн эхлэл болж байна.

Хөгжлийн банкны зүгээс үйл ажиллагаа, засаглал, мэдээллийн ил тод байдлын талаар дээрх болон бусад олон шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа боловч тухайн байгууллагын хувь нийлүүлэгч нь Засгийн газар, мөн үндсэн үүрэг нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх тул төрийн үйл ажиллагаанаас ангид байх боломжгүй юм. Иймээс Хөгжлийн банкны хөгжилд улс төрийн орчин, засаглалын нөлөөлөл чухал хүчин зүйл байх нь тодорхой юм. Энэ нөлөөлөл хэр эрүүл, эерэг зөв байхаас тухайн банкны үйл ажиллагаа ихээхэн хамаарах магадлалтай.

Хөгжлийн банкыг хөгжүүлэх боломж

Хөгжлийн банк нь улс орны нийгэм эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж болох санхүүгийн чухал институци болох нь тодорхой байна. Иймээс бид нэгэнт бий болгосон эдийн засагт тодорхой байр суурь эзэлсэн энэ институцыг улам сайжруулах, хөгжлийн хурдасгуур болгон ашиглах нь зүйтэй юм.

Гэхдээ Монгол улсын Хөгжлийн банкны өнгөрсөнийг харвал Хөгжлийн банк нь дээрх үүргээ хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж ирсэн бөгөөд бид цаашид энэ байгууллагыг маш зөв удирдаж байж хөгжлийн хурдасгуур болгон ашиглаж чадна гэдэг нь тодорхой юм.Зөв байлгаж чадаагүй нь зарим талаар эрх зүйн орчин болон бусад амьгүй хүчин зүйлсийн нөлөө байсан ч гол шалтгаан нь мөнөөх л улс төрийн орчин, түүний нөлөөлөл юм.

Эрх зүйн орчинд тодорхой шинэчлэл хийгдсэн, хөгжлийн банкны хамт олны зүгээс сүүлийн үед хийсэн шинэчлэлийн арга хэмжээнүүд нь зөв чиглэлтэй байгаа боловч Хөгжлийн банкыг хөгжүүлэхэд хангалттай бус юм. Тухайн байгууллагын хөгжилд хамгийн чухал нь улс төрийн эрүүл орчин, засаглалын тогтвортой байдал, зөв бодлого юм.

Цаашилбал энэ бодлогын хүрээнд дэмжих дэд бүтцийн төслүүд, салбаруудыг судалгаа шинжилгээтэйгээр тодорхойлж Хөгжлийн банк түүнд нийцсэн, эдийн засгийн үр ашиг бүхий төслүүдийг дэмжих чиглэлд ажиллах нь цаашдын хөгжлийг хангах гол нөхцөл байх болно. Хөгжлийн банк эрх зүйн хүрээнд бий болсон өөрийн бие даасан байдлыг ашиглан зохих шалгуурын хүрээнд төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд явж болох боловч энэ тухайн банкны үндсэн зорилгыг алдагдуулж болзошгүй юм. Тэгээд ч эрх зүйн хүрээнд байгаа энэ боломж нь зөвхөн цаасан дээр буюу онолын хувьд гэж үзэж болохоор байдалд байгаа юм.

Эцэст нь төр засгийн зүгээс зөв бодлогоор дэмжиж,  улс төрийн нөлөөлөлөөс ангид байх нөхцөлийг хангаж чадвал өнөөгийн эрх зүйн орчин Хөгжлийн банкны зүгээс явуулж байгаа шинэчлэлийг цаашид зөв үргэлжлүүлсэн тохиолдолд тухайн санхүүгийн байгууллага нь жинхэнэ Хөгжлийн санхүүгийн байгууллага болох боломжтой гэдгийг хэлэхийг хүсч байна.
Холбоотой мэдээ