Хууль сахиулахын салбарт хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-19 17:51:14
МОСКВА. /МВД/. ОХУ-ын Дотоод хэргийн сайд, цагдаагийн генерал Владимир Колокольцев Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзаж, хоёр улсын хууль сахиулахын салбарт хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцжээ.

Уулзалтын үеэр хоёр улсын хууль сахиулахын салбар дахь талуудын хамтын ажиллагааны хөгжлийн өнөөгийн байдалд сэтгэл хангалуун байгаагаа В.Колокольцев илэрхийлсэн байна.

“ОХУ-ын ДХЯ болон Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам хоорондын хамтран ажиллах тухай хэлэлцээр нь мансууруулах бодисны хууль бус наймаа болон хууль бус цагаачлалтай тэмцэх, түүнчлэн үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийг олгож байна” гэж В.Колокольцев мэдэгджээ.  

Түүнчлэн тэрбээр хилийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэвээр болохыг дурдахын сацуу үндэстэн дамнасан шинжтэй гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хил залгаа нутаг дэвсгэрүүдэд байрласан Орос болон Монголын хууль сахиулах байгууллагуудын шуурхай харилцаа холбооны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна.
 
Мөн ОХУ-д удахгүй болох Хөлбөмбөгийн ДАШТ-2018-тай холбогдуулан аюулгүй байдлыг хангах, тэмцээний үеэр хүрэлцэн ирэх хөгжөөн дэмжигчид тэр дундаа Монголоос ирж буй хөгжөөн дэмжигчдийн хууль ёсны ашиг сонирхол, эрхийг хүндэтгэхэд онцгой анхаарал хандуулахаа талууд мэдэгдэхийн сацуу боловсон хүчин бэлтгэх асуудлуудыг хэлэлцсэн байна.

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ