Суманд иргэдийн амьдрах таатай орчин бүрдэж эхэлсэнээр шилжин явагсдын тоо цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-25 18:00:13
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Наран сумын засаг дарга Л.Очтой сум орон нутгийн ажил, цаг үеийн нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцсаныг хүргэж байна. Тус сумын хувьд аймгийн төвөөс 220 километр зайтай, алслагдмал сумын нэг юм.  Газар нутгийн хэмжээ бага, өрх хүн ам цөөтэй сум хэдий ч сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд хийгдсэнээр шилжин явах иргэдийн тоо цөөрчээ.

-Сайн байна уу та? Сайхан зусч байна уу?
-Сайн, сайн байна уу. Юун өмнө Монгол Улсын ууган хэвлэл мэдээллийн агентлагийн нэг МОНЦАМЭ агентлагийн нийт уншигчиддаа зуны тэргүүн сарын мэндийг хүргэе. Хавар хоёр, гурван удаагийн давтамжаар бороо хур орсоноор өвс ногоо дэлгэрч,  нутагт маань сайхан зун эхэлж байна.

-Наран сумын хүн ам жилээс жилд өсөж, сум орон нутгийн өнгө зүс ч сайжирч байгаа талаар та түрүүнд дурьдсан. Энэ талаар яриалаа эхэлье?
-Тийм ээ. Наран сум аймгийнхаа жижиг сумдын нэг. Гэлээ ч энд амьдрал буцалсаар байна. Одоогоор манай сум 1500 гаруй хүн амтай. Сумын төвийн өнгө зүс сайжирч, шинэ барилга байгууламжууд жил дараалан баригдаж, иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирсаар байгаа. Нэг үе Наран сумыг өөр сумтай нэгтгэх асуудал яригдаж байсан бол одоо Наран сум хөгжлөөрөө бусадтайгаа хөл нийлүүлэн алхаж, улмаар сум орон нутгаас шилжин явагсдын тоо цөөрч байгааг хэлэхэд таатай байна.  

-Наран суманд өнгөрсөн онд хийгдсэн томоохон ажлуудаас танилцуулахгүй юу?
-Монгол Улсын төр нийгмийн нэрт зүгэлтэн, төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбарын өлгий нутаг гэдгээрээ бид бүхэн их бахархдаг. Сум орон нутаг хөгжүүлэх, хүн ардынхаа ажиллаж амьдрах нөхцлөийг сайжруулах үүднээс бид өнгөрсөн онд 60 орчим сая төгрөгийн бүтээн байгууллатын ажил хийлээ. Манай сум бусад сумдаас их онцлогтой. Аймгийн төвөөс алслагдмал, дээрээс нь хилд ойрхон, БНХАУ-тай хил залгаа оршдог. Хил орчимд сумын 45км газар нутаг хамрагддаг. Үүнтэй холбоотойгоор иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан хилийн торыг шинэчлэх ажлыг эхлүүлж, 10 сая төгрөгөөр шинэ тор татаад байна. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Малчдынхаа бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үүднээс малчдад худаг гаргахад нь 3,2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн хүүхдийн цэцэрлэгийг өргөтгөл барих талаар Японы Өвсний үндэс төсөлд хүсэлтээ хүргүүлээд байна. Үүнээс гадна өнгөрөгч жилүүдэд шинэ сургууль, соёлын төвүүд баригдаж ашиглалтад орсон байгаа.

-Сум орон нутгийн зүгээс өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ эрхлэгчдээ хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-Мэдээж үүнд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Манай сумын хувьд сүүлийн жилүүдэд ЖДҮ сайн хөгжиж байгаа гэж хэлж болно. Жишээлбэл, иргэд малчдынхаа хэрэглээний эсгийг бид орон нутагтаа үйлдвэрлэж байна. Манай сумын шилдэг өрхийн үйлдвэрлэгч, гэр бүлийн хоёр хүн энэхүү үйлдвэрлэлээ эхлүүлээд маш амжилттай ажиллаж байгаа. Малчдаасаа хонины ноосыг нь зах зээлийн ханшаар нь худалдан авч, үйлдвэрлэлээ явуулдаг. Мөн ЕБС-ийн багш нар гар аргаар эсгий хийх ажлыг зохион байгуулж, үүгээрээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Бусад жижиг төсөл хэрэгжүүлэгч иргэн, бүлгүүд хэд хэд бий.

-2018 онд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд юу байна?
-Энэ оны тухайд орон нутгийн хөгжлийн сангаас 52 сая төгрөгийг сум орон нутгийн ажилд зарцуулахаар төлөвлөөд байна. Уурын зуухны засварын шинэчлэлийн ажил, хилийн торны засварыг бүрэн хийж дуусгах, сумын төвийн гудамж талбайн гэрэлтүүлэг тохижилтын ажил, эрчим хүчний шугамын шинэчлэл гээд олон ажлууд хийгдэхэд бэлэн болоод байна. Төсөв батлагдаад ирвэл бид ажлаа эхлүүлж, дулааных нь улиралд дуусгах төлөвлөгөөтэй байгаа.

-Энэ жил Сүхбаатар аймгийн хэд хэдэн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр болсон. Үүний нэгээр Наран сум шалгарч, шинэ Эрүүл мэндийн төвтэй болохоор боллоо. Энэ бол Наранчуудын хувьд олон жилийн хүсэл байсан гэж бодож байна?
-Тэгэлгүй яахав. Сум орон нутгийн удирдлагууд болоод иргэд маань үнэхээр их баяртай байгаа.  20 гаруй жил болсон эмнэлэгийн барилга үнэхээр элэгдэлд орж, хүйтний улиралд үйл ажиллагаа явуулахад үнэхээр хүнд байсан. 10 ортой шинэ эмнэлэг ашиглалтанд орсоноор сумын иргэд хөдөлмөрчид эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай авах боломж бүрдэж, мөн эмнэлгийн ажилчдын ажиллах орчин нөхцөл эрс сайжрах юм. Аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, улмаар биелэлээ олж ажил хэрэг болоод байна. Энэ дашрамд эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлэхэд тусалж дэмжсэн аймгийн удирдлагууд, Эрүүл мэндийн газрын хамт олондоо нутгийнхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлмээр байна.

-Аливаа ажлыг хийхэд саад бэрхшээл их тулгардаг шүү дээ. Ялангуяа төсөв хөрөнгө багатай энэ цаг үед байгаа мөнгөөрөө нийтэд хүртээлтэй, үр ашигтай зүйлд зарцуулна гэдэг хэцүү байх?
-Би тантай санал нэг байна. Хэдийгээр улс, аймаг орон нутгаас олгогдох төсвийн мөнгө танагдсан ч бид байгаагаа зөв зүйлд зарцуулна гэдэг хамгаас чухал. Тиймээс бид сум орон нутагт нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай ажил юу байна гэдэг талаар иргэдээсээ санал авсаны үндсэн дээр ажлаа төлөвлөдөг. Энэ нь их үр дүнтэй байдаг. Таны хэлж байгаачлан төсвийн мөнгийг нийтэд хүртээмжтэй, үр ашигтай байдлаар зарцуулж чадаж байна гэсэн үг.

-Яг одоогоор та бүхний өмнө тулгарч буй бэрхшээл, нэн тэргүүнд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал гэвэл юу байна?
-Бид 2018 оныг “Сахилга хариуцлага, их бүтээн байгуулалт”-ын жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор төсвийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй байлгах тал дээр анхаарлаа хандуулаад байна. Тулгамдаж буй асуудал гэвэл хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийг нэн даруй эхлүүлэх шаардлагатай байгаа. Одоогоор цэцэрлэгт 80 гаруй хүүхэд явдаг ч цаана нь 40 орчим хүүхэд үлдсэн байгаа. Тэгэхээр цэцэрлэгийн насны хүүхдүүд болон малчны хүүхдүүдээ бүрэн хамруулахыг бид зорьж байна. Энэ талаар бид аймгийн дарга нарт уламжилсан. Мөн Японы Засгийн газрын Өвсний үндэс төсөлд бүх зураг төслөө хүргүүлээд, одоо хариугаа хүлээж байна. Дараагийн нэг асуудал бол Нутгийн удирдлагын ордонгийн засварын ажлыг хийхээр хөөцөлдөж байна. Нэгдсэн халаалтын тогоог шинэчилж, Нутгийн удирдлагын ордноо холбох шаардлагатай байгаа. Энэ ажилд 40 сая төгрөг шаардагдана. Өнгөрсөн өвөл бид Соёлын төвдөө төрийн ажлаа явуулсан. Одоо ч тэндээ ажиллаж байна. Гэхдээ тийм байлаа гээд ямар нэг асуудал үүсээгүй, төрийн ажил хэвийн үргэлжилж байгааг бас хэлэх нь зөв байх.

-За баярлалаа, та бүхэнд амжилт хүсье?
-Баярлалаа.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ