Баянхангай сумын дунд сургууль хүүхдэд ээлтэй ариун цэврийн байгууламжтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2018-05-28 16:08:57
Төв /МОНЦАМЭ/ Монголын Багш Эцэг Эхчүүдийн Холбоо/МБЭЭХ/-ноос санаачлан хэрэгжүүлж буй ᠋᠋᠋᠋᠋᠋’Хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламж бий болгох’ төслийн нээлт тавдугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын дунд сургуульд боллоо. 
Уг төслийн гол зорилго нь хөдөө орон нутагт хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламжийг сургуулийн хичээлийн болон дотуур байранд бий болгож баталгаат ариун цэврийн байгууламжтай болгох, хөрсний экологийн орчныг хамгаалах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсроход хувь нэмрээ оруулах юм.
Баянхангай сумын дунд сургуульд 210 гаруй хүүхэд суралцаж байгаа ба нүхэн жорлон ашигладаг, зориулалтын ариун цэврийн өрөө байдаггүй нь сургуулийн хувьд тулгамдсан асуудал болж байв. 
Люксембург улсын ПАДЕМ олон улсын байгууллагын тусламжтайгаар хэрэгжих уг төслийн хүрээнд сургуульд цэвэрлэх байгууламж бий болгох сургууль болон дотуур байранд ариун цэврийн болон халуун усны өрөөтэй болгох ажлууд хийгдэх юм. 
 

 
Төсөл хэрэгжүүлэхэд гол тулгамдсан асуудал болох усны асуудлыг Баянхангай сумын ИТХ-аас шийдвэрлэж Хустайн байгалийн цогцолбор газрын буцалтгүй тусламжаар худаг гаргасан байна. Төслийг 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжүүлэх бөгөөд орон нутгийн төсвөөс төслийн 10 хувийг санхүүжүүлэх ажээ. 
Төслийн бүх үед шатанд иргэдийн оролцоог хангаж хамтын оролцоотойгоор  хэрэгжих ба эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэх сургалт явуулдгаараа онцлогтой хэмээн MБЭЭХ-ны тэргүүн А.Отгончимэг нээлтийн үеэр онцлов.
Мөн төслийн нээлтийн ажиллагааны үеэр МБЭЭХ нь Баянхангай сумын ЗДТГ, тус сумын дунд сургуультай хамтын ажиллагааны гэрээ болон харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  
Тус холбооноос хөдөө орон нутгийн цэцэрлэгт хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөг байгуулж, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх төслийг Төв аймгийн Зуунмод суманд 2016 онд хэрэгжүүлсэн юм. 
Б.Батчимэг
 

Холбоотой мэдээ