Күнзийн нутагт болох ШХАБ-ын хурлын өмнө

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-05-31 12:21:24
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг /ШХАБ/ дөрөвдэх удаагаа даргалж буй Хятад улс 9 хоногийн дараа тус байгууллагын Дээд хэмжээний уулзалтыг Шаньдун мужийн Циндао хотод зохион байгуулах гэж байна. Уулзалтын албан ёсны нэр нь ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дугаар хуралдаан юм.  

Нэг жилийн өмнө ШХАБ-ыг даргалах болсон Хятад улс өнгөрсөн хугацаанд бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, боловсрол, соёлын асуудлаар нийтдээ 100 гаруй арга хэмжээг зохион байгуулжээ. Байгууллагыг даргалах хугацаандаа гишүүн улсуудын нэгдмэл байдлыг хангах, Шанхайн үзэл санааг бэхжүүлэх, ШХАБ-ын үр өгөөж, нөлөөг дээшлүүлэх зорилтыг тавьж ажилласан гэж БНХАУ-ын ГХЯ-ны Төв Ази, Дорнод Европын хэлтсийн орлогч дарга Лю Бинь мэдэгдлээ.

Циндаогийн уулзалт бол 18 улсыг янз бүрийн байдлаар хамарч буй ШХАБ-ыг өргөтгөснөөс хойших анхны дээд хэмжээний уулзалт юм. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимовын тодорхойлон хэлснээр “энэ удаагийн саммит нь анх удаагаа “Евразийн 8” гэсэн бүтцээр болно гэдгээрээ түүхэн онцлог үйл явдал” болно. Учир нь, өнгөрсөн онд Казахстаны нийслэл Астанад болсон уулзалтаар Энэтхэг, Пакистан хоёрыг ШХАБ-д гишүүнээр элсүүлсэн билээ.

Тус хоёр улсыг эгнээндээ нэгтгэснээр терроризм болон хар тамхины наймаатай тэмцэх тал дээр ШХАБ-ын чадавх ихээр нэмэгдсэнийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Үүний сацуу Энэтхэг, Пакистан хоёр нь хоорондоо нэлээд хэдэн асуудлаар илт дайсагнасан харилцаатай байгаа нь санаа зовоож, болгоомжлол төрүүлж байсан юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинэ гишүүдийн дасан зохицох үйл явц таамаглаж байснаас илүү амар хялбар явагдлаа.     

Циндао хот зочдоо хүлээж авахад бэлэн  

Циндаогийн уулзалт бол энэ онд Хятад улсад болох хоёрдахь том гадаад улс төрийн арга хэмжээ юм. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахын тулд 9 сая хүн амтай Циндао хотын тээврийн дэд бүтцийг хэдийнэ шинэчилж дуусчээ. Арга хэмжээнд оролцох, түүнийг сурвалжлахаар нийтдээ 30 мянга гаруй хүн ирэх төлөвтэй байна. Гадаадын төлөөлөгчдийг байрлуулах 12 зочид буудал, Хятадын болон гадаадын сэтгүүлчдэд зориулсан 8 зочид буудал бэлэн болжээ. Үйлчилгээний мэргэшсэн ажилтнуудаас гадна Шаньдун мужийн их дээд сургуулиудын оюутнуудаас бүрдсэн 2000 гаруй сайн дурынхан зочид төлөөлөгчдөд тусална.

ШХАБ-ын уулзалтын өмнө хотын тээврийн сүлжээг сайжруулахын тулд шинээр автомашины 16 зам, автобусны 50 шугам нээжээ. Хотын төвд олон мянган автомашины зогсоолыг шинээр барьсан байна. Саммитын үеэр оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй бөгөөд албан ёсны төлөөлөгчдийн цуваа явж өнгөрөх гудамжуудыг түр хугацаагаар хаах аж.

ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт Шар тэнгисийн үзэсгэлэнт эрэгт орших 50 мянган хав.дөр.м талбай бүхий Олон улсын хурлын төвд болно. Тэнгисийн энэ буланд 2008 оны Бээжингийн зуны Олимпын наадмын дарвуулт завины уралдаан болж байжээ.  

  

Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах газраар Циндао хотыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Шар тэнгисийн эрэгт орших энэхүү боомт хот нь олон улсын хэмжээний арга хэмжээнүүдийг зохион байгуулах тал дээр  туршлагатайгаас гадна Хятадын удирдагч Ши Жинпиний санаачилсан “Нэг бүс-Нэг зам” төслийн хүрээнд тэнгисийн болон хуурай замыг хооронд нь холбож буй тээврийн чухал зангилаа юм.
Өнгөрсөн онд Циндао боомтоор дамжуулан 510 сая тонн ачаа тээвэрлэсэн нь дэлхийд 7-д, Хятадад 5-д орох үзүүлэлт аж.  Циндао хот нь Хятадын хамгийн том далайн амралт сувиллын газар болохын зэрэгцээ олон улсын далайн боомт, түүх-соёлын дурсгалт газар юм.

Хятад хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийн гол тулгуур болох гүн ухааны сургаал номлолыг бий болгосон их сэтгэгч Күнз, Мэнз нар Шаньдун мужаас гаралтай. Тус муж бол Хятадын соёл иргэншлийн чухал гал голомт болой. Циндао бол Хятадын нээлттэй хаалганы бодлогын хүрээнд анх байгуулагдсан далайн эргийн хотуудын нэг билээ.  

Хэлэлцэх асуудлууд ба айлчлалууд  

Р.Алимовын мэдэгдсэнээр, дээд хэмжээний уулзалтад оролцогч улсуудын төрийн тэргүүн нар нийтдээ 17 баримт бичгийг батлах төлөвтэй байна. Түүнчлэн тэднийг байлцуулан 8 гэрээнд гарын үсэг зурах аж. Хамгийн гол баримт бичиг бол Циндаогийн Тунхаглал бөгөөд түүнд бүс нутгийн байдлын талаарх ШХАБ-ын бүх оролцогч орнуудын зөвшилцсөн байр суурийг илэрхийлнэ.

Мэдээж хэрэг, аюулгүй байдлыг хамтын хүчээр хангахад чиглэсэн шинэ арга хэмжээнүүдийг хэлэлцэнэ. Өмнөх уулзалтуудын нэгэн адилаар, терроризм, сепаратизм, экстремизм гэсэн гурван “-изм” болон хар тамхины наймаа, кибер гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хөндөх болно. ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийж, учирч буй эрсдэл, сорилтуудыг даван туулах үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлно. Үүний дараа аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай багц баримт бичгийг батлах юм.

Өөр нэгэн чухал асуудал бол бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, тухайлбал, “Нэг бүс-Нэг зам” төслийн хэрэгжилтийг урагшлуулах явдал байх болно.

Өөр нэгэн чухал баримт бичиг бол залуучуудад хандсан Уриалга юм. ШХАБ-ын орон зайд аж төрж буй 3 тэрбум 120 сая хүний 2 тэрбум орчим нь залуучууд байна. Р.Алимов хэлэхдээ “залуучууд нь эвдлэн сүйтгэгч хөнөөлт хүчнүүдийн бай золиос болж байна. Тэднийг радикал үзэл суртлаас ангид байлгаж, хэт даврагч байгууллагуудын эгнээнд оруулахгүй байх нь нэн чухал. Ийм учраас залуучуудтай тулж ажиллахад ихээхэн анхаарал хандуулна” гэлээ.

ШХАБ-ын ээлжит чуулганы үеэр болох онцлог үйл явдлууд бол ОХУ, Казахстан, Иран, Киргизийн төрийн тэргүүн нарын 6-10-ны өдрүүдэд Хятад улсад хийх албан ёсны айлчлал юм. Түүнчлэн Хятадын удирдагч Ши Жинпинь бусад орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.   

Циндаогийн уулзалтын үеэр шинээр гишүүн улсууд элсүүлэх, байгууллагын эгнээг өргөтгөх асуудлыг хэлэлцэхгүй бололтой.
 
ШХАБ-ын тухай товчхон
 
Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн болон цэргийн хүчин чадлын хувьд тус байгууллага нь Евразийн орон зай дотор хамгийн том хүчирхэг нь юм.
 
2001 оны 6 дугаар сард Шанхай хотноо эл байгууллагыг бий болгох тухай Тунхаг бичигт Казахстан, Киргиз, БНХАУ, ОХУ, Тажикистан, Узбекистан гэсэн зургаан улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан билээ. 2017 оны 6 дугаар сарын 9-нд ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр Энэтхэг болон Пакистан улс элсчээ. Тус байгууллагад ажиглагч орноор Афганистан, Беларусь, Иран, Монгол гэсэн дөрвөн улс элссэн бол Азербайжан, Армени, Камбож, Непал, Турк, Шри-Ланк гэсэн зургаан улс яриа хэлэлцээний түншүүд юм.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: http://www.ng.ru /Независимая газета/  

Холбоотой мэдээ