Дөрвөн сумын 20 цэгт хөрсний шинжилгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-31 16:22:24
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн хэмжээнд цөлжилтийн мониторингийн шинжилгээ хийхээр тусгагдсан. Тус шинжилгээг 2017 онд гурван сумын 12 цэгт хийсэн бол энэ онд Эрдэнэцагаан сумын найм, Дарьганга, Онгон, Наран суманд 12, нийт дөрвөн сумын 20 цэгт хийхээр төлөвлөжээ. Шинжилгээний ажил 06 дугаар сард эхэлнэ.

Судалгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-ын Байгаль орчин шинжилгээний лабораторид хийдэг. Тус лаборатори нь орон нутагтаа агро химийн шинжилгээг хийдэг бол, Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторид хөрсний хүнд металлыг тодорхойлох шинжилгээг хийлгэдэг байна.

“2017 оны хөрсний шинжилгээний дүгнэлтийг харахад хүлцэх агууламжийг давсан үзүүлэлт байхгүй. Мониторингийн шинжилгээ хийгдсэн 12 цэгийн 11 цэгт хэвийн, нэг цэг дээр хөрсний эвдрэл ажиглагдсан. Ерөнхийдөө аймгийн  хэмжээнд хөрсний ерөнхий үзүүлэлт тун гайгүй байдаг. Гэхдээ хөрсний эвдрэл гэдэг нь байгаль цаг уурын нөлөөнөөс гадна хүний буруутай үйл ажиллагаанаас их хамаардаг, гэтэл үүнийг иргэд тэр бүр мэддэггүй. Тиймээс шинжилгээ хийгдсэн газар орчмын иргэдэд мэдээлэл өгөх ажлыг давхар хийхээр төлөвлөсөн.” гэж Байгаль орчны лабораторийн эрхлэгч З.Мөнхбаяр хэллээ.

Харин одоогоор Баруун-Урт сумын 12 цэгээс хөрсний дээж авч, судалгаа шинжилгээ хийж байгаа аж.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ