Цэцэрлэгийг номын сантай болгох хандивын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-04 21:18:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын зүүн талын ашиглалтгүй байсан жигүүрийг 14 дүгээр цэцэрлэг болгон сэргээн засварлаж, ашиглалтад оруулаад нэг жил болж байна. Тэгвэл тус цэцэрлэгийг ирэх хичээлийн жилд Номын сантай болгох санаачлагыг МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын танхимын Эрхлэгч, “Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт”-ийн захирал Н.Бурмаа гаргажээ.
Тэрбээр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ аймгийн 14 дүгээр цэцэрлэгт "зочилж", номын сан бий болгоход нь зориулан 500 мянган төгрөг хандивлаж, хандивын шанг татлаа.
Цаашид хүүхдийн төлөө гэх сэтгэлтэй хэн бүр их, бага гэлтгүй хандив өгснөөр хүүхдүүд бага наснаасаа номын амтанд орж, цаашид сурч боловсрох ирээдүйд чухал алхам болохыг мөн үеэр онцолж байв.
Орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая төгрөгийн санхүүжилтээр боссон тус цэцэрлэгт амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл болон төрийн албан хаагчдын хүүхдүүд хүмүүждэг байна.
                                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ