Малжуулах төсөлд 60 өрхийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-06 16:26:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт "Илгээлтийн эзэн" хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжих гэж байна. Тодруулбал, 2017 онд мал маллах сонирхол бүхий 100 өрхийг 7600 гаруй толгой малаар малжуулж тус төслийг эхлүүлсэн бол энэ онд 60 өрхийг малжуулахаар болжээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал мал маллах сонирхол бүхий, хүсэлтээ албан ёсоор ирүүлсэн малчидтай уулзалт хийв. Тэрээр, "Малчид төсөлд хамрагдан малжаад хөдөө орон нутаг руу гарсан бол эргэн аймгийн төв рүү нүүж орж ирэхгүй байх, тус өрх сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдээ тухайн сум орон нутагтаа шилжүүлэн авч сургах, сум багийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бэлчээрт ээлтэй ажиллах зэрэг зүйлүүдийг гэрээнд тодорхой заасан" талаар танилцуулсан юм. Түүнээс гадна байгуулсан гэрээний хүрээнд төсөлд хамрагдсан малчид хоёр жилийн дараа эргэн төлөлтөө хийх бөгөөд гэрээний биелэлтийг дүгнэхэд үр бүтээлтэй, сайн ажилласан малчдыг эргэн төлөлтөөс чөлөөлөх хүртэл дэмжинэ гэдгээ Засаг дарга мөн үеэр хэлж байлаа.
Энэ онд малжуулах төсөлд хамрагдах хүсэлтээ 153 өрх өгөөд байгаа бөгөөд тэдгээрээс шалгуур, шаардлагыг хангасан 60 өрхийг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийгмийн бодлогын хэлтэс хамтран сонгож, гурвалсан гэрээ байгуулах юм.
Сонирхуулахад, Төслийн санхүүжилтийн 250 саяыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, 100 сая төгрөгийг Баянхонгор аймгийн нөөцөөс шийдвэрлэх бөгөөд нэг өрхөд 3.5 сая төгрөгийн санхүүжилт олгохоор тогтжээ.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ