Х.Тэргэл: Америкт өөрөө л сурч чадвал олон боломж бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
173@montsame.mn
2018-06-06 23:24:23
АНУ–ын “Pennsylvania” мужийн “Easton” хотын “Lafayette” коллежийн II дамжааны оюутан Х.Тэргэл Америк даяар жил бүр зохион байгуулагддаг “National Forensics Association” буюу Америкийн илтгэл, мэтгэлцээний улсын аваргын тэмцээнд оролцож, “Extemporaneous” буюу 30 минутийн өмнө илтгэлийнхээ сэдвийг авдаг илтгэлийн төрөлд 140 гаруй өрсөлдөгчөөс II, мэтгэлцээний төрөлд III байр эзэлсэн юм.
 
–Нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцож, хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсгасанд тань баяр хүргэе. Тэмцээнийхээ тухай сонирхуулаач?
 
-АНУ даяар жил бүр уламжлал болон зо­хиодог үндэсний тэм­цээн. Гэхдээ хүссэн оюутан ордоггүй, өндөр босготой. Эхлээд Америкийн зүүн бүсийн тэмцээнүүдэд амжилттай өрсөлдөж, шагнал авч байж эрхээ авдаг. Миний хувьд IX ангиасаа хойш “Хобби” сургуулийн мэтгэлцээний багийн идэвхтэй гишүүн байсан ба XII ангидаа ахлагч нь байсан.
 
“Хобби” сургуулийг мөн Монгол Улсыг төлөөлж Словак, Малайз, Индонезид олон улсын мэтгэлцээний тэм­цээнд амжилттай орол­цож байсан. Эдгээр тэм­цээний туршлагын үр дүнд Америкийн зүүн бүсийн хэмжээнд болсон хэд хэдэн тэмцээнд ам­жилттай оролцож, Аме­рикийн улсын аваргад орох эрхээ авсан.
 
–Илтгэлийн тэмцээн их сонирхолтой өрнөсөн гэсэн?
 
-Илтгэлийн тэмцээн өрсөлдөөн ихтэй. Нэг өрөөнд зургаан хүүхэд байх ёстой. Тэд 30 минутын өмнө сэдвээ авна. 30 ми­нут цахим орчноос мэдээллээ олоод, долоон минутад багтааж илтгэлээ тавина гэсэн журмаар явдаг. Харин мэтгэлцээн нь тухайн жилд нэг сэдэв өгдөг. Жилийн турш тэр сэдвээрээ л мэтгэлцэнэ гэсэн үг.
 
–Энэ жил ямар сэдэв өгсөн бэ?
 
-“Америк цагдаа галт зэвсгийг хэрхэн ашиг­лах вэ. Хэрэв ямар нэг байдлаар галт зэвсэг хэрэг­лэ­сэн тохиолдолд улсаас ямар арга хэмжээ авах вэ” гэсэн сэдвийн дагуу мэтгэлцсэн.
 
–Мэтгэлцэхэд судалгаа их чухал. Судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
 
-Манай мэтгэлцээний багийнхан лхагва, баа­сан гаригт байнга уулздаг байсан. Энэ үеэр сэд­вийнхээ тухай ярилцаж, мун­даг профессоруудын хийсэн судалгааг уншиж, тоо баримтыг нь харж ярил­цана. Үүнээс гадна энгийн иргэдийн санал хү­сэлтийг тусгахыг хичээсэн. Судалгаа хийсний хүчинд ба­римтад үндэслэн гар­галгаагаа хийсэн.
 
–Зөвхөн америк хүүх­дүүдтэй мэтгэлцсэн үү?
 
-Америк хүүхдүүдтэй мэт­­гэлцсэн. Харин манай багт Испани хүүхэд бий. Зарим багт Энэтхэг болон Ази хүүхдүүд харагдаж байсан.

 
–Танай багийн хувьд юугаараа давуу байсан бэ?
 
-Өөрийнхөө байр суу­рийг баримттайгаар ба­­талж, хамгаалж чад­сан. Мэтгэлцээний дүнд нөлөөлөх өөр нэг чу­хал үзүүлэлт нь ярьж, өөрийгөө ойлгуулах чад­вар. Манай баг нэгэн цул болж, нэгдэж чадсан учир шүүгчдэд өөрсдийн са­нааг хангалттай ойл­гуулж чадсан нь амжилтын түл­хүүр болсон гэж бодож байна.
 
–Сургуулийнхаа талаар та­нил­­цуулаач. Ямар түүхтэй сургууль вэ?
 
-Америкийн коллеж дундаа топ 50-д багтдаг. 2500 гаруй оюутантай. Инженерийн чиглэлээр оюутан бэлтгэдэг. Нэг ан­ги 30 гаруй хүүхэдтэй. Хүүх­дүүд хичээлийн ца­гаар ойлгоогүй зүйлээ дараа нь багшийнхаа өрөөнд очиж лавлаж асуух бо­ломжтой. Багш нар оюу­тан бүрт хүрч ажил­ладаг, их нээлттэй. Үүнээс гадна сурах орчин нь их тохилог.
 


–Чи яагаад энэ сур­гуулийг сонгох болсон бэ?
 
-Би эдийн засаг, математикийн чиглэлээр сурдаг. Америкт ямар сур­­гуульд суралцвал илүү ирээдүйтэй бол гэж хайж байхдаа энэ сур­гуулийн тухай сонссон юм. Тэтгэлэгт хөтөлбөр бо­лон бусад болзол нь таалагдсан учир элссэн.
 
–Оюутны байранд амь­дардаг гэсэн. Их хөгжилтэй байх даа?
 
-Манай байранд дандаа I дамжааны хүүх­дүүд амьдардаг. Аме­рик­чуу­даас гадна энэтхэг, хятад хүүхдүүд бий. Миний хувьд бүгдтэй нь ижилхэн нөхөрлөж, та­нилын хүрээгээ тэлэхийг хүсдэг. Давхар, давхраараа эрэг­тэй, эмэгтэй гэж ял­гар­даг ч олуулаа болохоор их хөгжилтэй.
 
–Дотны найзтай болсон уу. Америк хүүхдүүд нөхөр­л­өлдөө хэр үнэнч вэ?
 
-Дотны найз олон бий. Монгол хүүхдүүд эхэндээ жаа­хан бүрэг ичимхий бай­даг бол америк хүүхдүүд эс­рэ­гээрээ. Их илэн да­лангүй, нээлттэй зан нь таалагддаг. Шинээр ирсэн хүүхдүүдийг гадуурхаж, дээрэлхдэггүй. Харин ч найрсгаар хүлээн авч, улс үндэстнийх нь тухай яриулах сонирхолтой бай­даг. Намайг анх Мон­голоос ирсэн гэхэд манай улсын тухай их сонирхон асууж бай­сан. Монгол хүмүүс ямар вэ, нэрийг чинь яаж дуудах вэ гээд л.
 
–Америк найзуудтайгаа чөлөөт цагаа хэрхэн өнгө­рүүлдэг вэ?
 
-Бид иэхвчлэн сайн дурын ажил хийдэг. Өөрийгөө хөгжүүлэх гэж шатрын дугуйланд явдаг. Мөн хичээлийн дараа найзуудтайгаа цагийг зу­гаатай өнгөрөөж, хөг­жилдөх дуртай. Амралтын өдрүүдэд өрөөндөө өн­жинө гэсэн ойлголт байхгүй. Америк хүүхдүүд хари­л­цааг их чухалчилдаг юм билээ. Аль болох хү­мүүстэй ойр дотно байж, танилын хүрээгээ нэмэхийг хүсдэг.
 
–Америкт сурахын давуу талыг юу гэж харж байна?
 
-Дэлхийн боловс­ролыг эзэм­шиж, дэлхийд хү­лээн зөвшөөрөгдсөн бо­лов­сон хүчин болно гэ­дэг залуу хүний хувьд амьдралын баталгаа шүү дээ. Мөн Америк хэмээх их гүрэнтэй танилцаж, тэнд ажиллаж, амьдарна гэдэг сайхан. Тэнд өөрөө л сурч чадвал бүх боломж нээлттэй байдаг.
 
–Тэгвэл бэрхшээлтэй тал нь юу вэ?
 
-Анх сурах гээд очиход багш нар болон оюутнуудтай ойлголцоход жаа­хан хүндрэлтэй. Мэ­дээж соёл, иргэншил нь биднээс өөр учир суралцах зүйл их бий. Хоол унд­наас эхлээд дасахгүй зүйл байсан. Харин хэлээ сайн сураад, хичээлээ ойлгоод эхлэхээр тэдгээр зүйл бэрхшээл биш мэт санагддаг юм билээ.
 
–Гадаадад сурахад хэл чухал шүү дээ. Яаж англи хэлийг амархан сурах вэ?
 
-Өөрөө л хичээх хэрэгтэй. Манай нэг найз англи хэл дээр кино үзсээр байгаад хэл сур­чих­сан. Тиймээс аль бо­лох Америкийн цахим хууд­сууд руу орж, мэдэхгүй үгээ нэрэлхэлгүй хүнээс асууж байгаарай. Одоо цахим ертөнц хөгжчихсөн энэ үед ямар ч аргаар хэл сурч болно. Гагцхүү өөрийн хичээл зүтгэл л чухал.
Холбоотой мэдээ