Эд, эсийн түвшинд алсын зайн оношилгоо нэвтрүүлснээр элэгний өвчлөл буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-06-07 13:41:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмгэг судлалын олон улсын анхдугаар бага хурал өнөөдөр "Элэгний эмгэг судлал", "Элэгний бус эмгэг судлал"-ын сэдвийн хүрээнд ЭМЯ-нд эхэллээ.

Тус хурлыг ДЭМБ, ЭМЯ, Эмгэг судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Био-анагаахын сургууль, ХСҮТ, Монголын эмгэг эд судлалын нийгэмлэг, Олон улсын эмгэг судлалын Монгол дахь хүрээлэн хамтран зохион байгуулж буй юм.



“Монгол хүн амын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг зонхилон тохиолддог. Тэр дундаа элэгний өвчлөл нэгдүгээрт явж байна. Тиймээс эмгэг судлаач эмч нар элэгний эмгэгийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Тэдний оношилгооны чадавхийг сайжруулах зорилгоор элэгний эмгэг судлалын чиглэлээр зохион байгуулж буй анхдугаар хуралд олон улсын эмгэг судлаачид оролцож буйгаараа онцлогтой” гэдгийг Эмгэг судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга Э.Ундармаа хэллээ.

Хуралд Япон, БНСУ, Орос, Герман зэрэг орноос эмгэг судлалын чиглэлээр ажилладаг доктор, профессорууд хүрэлцэн ирж элэгний эмгэгийн талаар лекц уншиж байна.



Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын олон улсын их сургууль, Эмгэг судлалын тэнхимийн профессор Ичиро Мори алсын зайн оношилгооны талаар илтгэл тавив. Тэрбээр, “Вьетнам улсад хэрэгжсэн энэхүү төсөл  Монгол Улсад хэрэгжиж эхэлвэл газар нутаг тархмал учраас эд болон эсийн түвшинд алсын зайнаас оношлох боломжтой. Ингэснээр иргэдийн гадагш оношилгоо,  эмчилгээнд явах урсгалыг багасгах эдийн засгийн ач холбогдолтой. Мөн Монгол Улсад тэргүүлж буй элэгний өвчлөлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна” гэв.



Эмгэг судлалын үндэсний төвийн дарга Г.Уянга ярихдаа,  “Засгийн газрын 2017 оны тогтоолоор Монгол Улсад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг В,С вирусын оношилгоо, эмчилгээ, В, С вирусээс гадна үүссэн элэгний өвчлөлийг хэрхэн оношлох вэ гэсэн чиглэлээр хэрэгжүүлж байна. Элэгний өвчлөлийг үүсгэдэг хүчин зүйл нь В, С вирусээс гадна буруу хооллолт, дадал, элэгний өөхлөлт, архи, тос өөхтэй хоол, эмийн зохисгүй хэрэглээ байдаг. Иймээс элэгний ямар үүдэлтэй эмгэг үүсч буйг тодорхойлох хэрэгтэй. Дараагийн шат нь элэгний хатуурал үүсдэг. Тиймээс элэгний өвчлөлийн үе шатыг эсээр нь тогтоож өгдөг. Тухайлбал, нэг, хоёрдугаар үе шатанд элэг нөхөн төлжих боломжтой учир элэгний өвчлөлийг эмээр эмчилж болно. Гурав, дөрөвдүгээр үе шатанд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болдог учир эд эсийн шинжилгээгээр тогтоодог. Тиймээс энэ хурлын ач холбогдол нь Монгол Улсад элэгний өвчлөлийг хэрхэн бууруулах, урьдчилсан сэргийлэх вэ гэдгийг шийдэхэд оршиж байна” хэмээв. Мөн тэрбээр 2016 онд Эмгэг судлалын үндэсний төв 200 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн камертай скайнер микроскоптой болсноор үүнийг ашиглан Япон руу шинжилгээг дамжуулж байгаа. Мори профессорын Вьетнамд хэрэгжүүлсэн төслийг Монголд хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Энэхүү алсын зайн оношилгоог Монголд хэрэгжүүлэх боломжтой” хэмээн тодотгов.

Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд эмгэг судлаач 80 гаруй мэргэжилтэн оролцож байна.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ