Завханд шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлын үзүүлэх сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-07 19:34:27

Завхан/МОНЦАМЭ/.Завханд “Шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдал” сэдэвтэй улсын хэмжээний танхимын болон үзүүлэх сургалт болж 40 шүүхийн тамгын газрын дарга нар оролцож туршлага судалжээ. Энэхүү сургалтыг Шүүхийн Ерөнхий зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас хамтран зохион байгуулжээ. Сургалт нь шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг хангах чиглэлээр шүүхийн тамгын газрын дарга, ажилтан, орон нутгийн цагдаагийн алба хаагчдад танхимын болон практик-үзүүлэх сургалтыг үзүүлж дадлага туршлага судлуулах зорилготой явагдсан байна. Энэ үеэр шүүгчийн дотоод болон гадаад хараат бус байдал, шүүх, шүүгчийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн аюулгүй байдал, шүүхийн захиргааны ажилтны сэтгэл зүй, хамт олныг удирдах сэтгэл зүйн онцлог гэж юу вэ гэхчлэн сэдвүүдээр шүүхийн удирдах ажилтнууд болон шүүгч нарт танхимын мэдээлэл сургалтыг өгсөн байна.

Мөн шүүх хуралдааны явцад аюулгүй байдлыг хангах ажиллагаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн рүү шүүх хуралдааны оролцогчдоос халдсан тохиолдолд аюулгүй байдлыг хэрхэн хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүх хуралдааны танхимаас гаргах, халдлага үйлдсэн этгээдийг шүүх хуралдааны танхимаас албадан гаргах, түр саатуулах, шүүгдэгч рүү халдсан тохиолдолд шүүгдэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж, шүүх хуралдааны танхимаас албадан гаргахыг үзүүлж сургалт, дадлагыг хийжээ. Түүнчлэн яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, албадан саатуулах үеийн аюулгүй ажиллагаа, шүүхийн гадна орчинд олон нийтийг хамарсан үймээн самууны үед шүүхийн аюулгүй байдлыг хэрхэн хангах ажиллагааг аймгийн Цагдаагийн газартай хамтран Завханы шүүхийн тамгын газрын ажилчид өөрсдөө оролцож үзүүлсэн нь онцлог болов.

Энэ үеэр Завхан аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран гамшиг осол, гал түймрийн аюулын үед аюулгүй байдлыг хэрхэн яаж хангах ажиллагааг биечлэн үзүүлжээ. Завхан аймгийн шүүхийн тамгын газар нь бусад мэргэжлийн анги байгууллагуудтай гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор хэрхэн хамтран ажиллаж буйг газар дээр нь үзүүлсэн нь бусад шүүхийн тамгын газрын удирдлагуудад туршлага, үлгэр жишээ болохуйц дадлага сургалт болж өнгөрлөө. Манай Шүүхийн тамгын газруудад энэ жишээний сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн Завхан аймагт болж буй сургалт бол улсын хэмжээний өргөн цар хүрээтэй танхимын болон, үзүүлэх дадлага сургалт болж байна хэмээн ШХББХХэлтсийн дарга Б.Одонгэрэл энэ үеэр онцлов. Дашрамд энэхүү сургалт практик дадлагыг үзүүлсэн арга хэмжээг өнгөрсөн жил Дорноговь аймаг амжилттай зохион байгуулжээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ