“Дархан хайрхан”-ыг 10 дахь жилдээ тайж, тахилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-06-07 22:21:28
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Орон нутгийн тахилгат “Дархан хайрхан” уулыг өнөөдөр тайж тахилаа. “Дархан Хайрхан”-ы тахилгыг анх 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тайх уламжлалыг сэргээж жил бүр тайж байхаар шийдвэрлэж хайрханаа тахих төр, шашны ёслолын ерөнхий журам, үлгэрчилсэн дэгийг баталж хэрэгжүүлснээс хойш 10 дахь жилдээ ийнхүү тахилаа.

Уг ёслол хүндэтгэлийг аймгийн ЗДТГ-аас эрхлэн “Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин” хийд болон Шарын сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай юм. Тахилгад Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд нутгийн иргэд оролцож их хайрханаа тайж тахилаа.

Энэ өдөр нь зуны тэргүүн улаагчин могой сарын шинийн 23, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр ажээ.
Хур бороо бага зуны дэлгэр өдрүүд үргэлжилсэн энэ үед хайрханыг тахисанаар ган гачиг тайлагдах, нутгийн зон олон амар, амгалан, өвчин зовлонгүй, гэнэтийн гай тотгор арилах нигүүртэй хэмээн хайрханыг тахих зан үйлд оролцож ном айлдсан лам нарын төлөөлөл ирсэн зочдод учир шалтгааныг тайлбарлалаа.

“Дархан хайрханы” тахилгад зориулж бэсрэг наадмыг зохион байгуулж хурсан олныг баясгалаа. Мөн хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, Шарын гол сумын ЕБ-ийн 2 дугаар сургуулийн авъяаслаг сурагчид урлагийн тоглолт зохион байгуулсан юм.

Өнгөрсөн жил Шарын гол сумын нутагт орших Дархан хайрханы тахилгын өмнөхөн суманд төрж өссөн залуучууд хамтарч тахилгат хайрханы хормойд орших “Их суварга”-ыг шинэчлэн засварлаж орчныг нь тохижуулж, эрхиний тоогоор 108 шатыг байгуулах хөрөнгийг гаргаж бүтээн байгуулалт хийж байсан удаатай.

Дашрамд тахилгат “Дархан Хайрхан” Улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн аймгийн орон нутгийн тусгай хамгаалалттай газар аж.

Тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн төвшнөөс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог. Дархан Хайрхан уулыг нутгийн ардууд 1704 онд байгуулагдсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй аж.

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ