М.Өлзийбат: “Алтайчуудын бэсрэг наадам”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-08 18:55:49
Говь-Алтай/МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо нь 15 жилийн ойтойгоо учран золгож байна. Үүнтэй холбоотойгоор тус холбооны шинэхэн тэргүүн М.Өлзийбаттай цөөн хором ярилцаж, ойн хүрээнд хийгээд цаашид хийгдэх ажлуудыг нь онцлон ярилцсан юм.
 
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. 15 жилийн түүхтэй Алтай нутгийн оюутан залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооныхоо тухай товч мэдээллээр энэ удаагийн ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо нь 2003 онд байгуулагдсанаас хойш уналт, босолтын олон үеийг дамжиж өдгөө 15 жилийн ойтойгоо золгож байна. Холбооны анхны тэргүүнээр 2003-2006 онд хөдөө аж ахуйн ухааны доктор Рэнцэндоржийн Цогтбаатар, 2006-2008 онд тухайн үед Барилга, хот байгуулалтын дэд сайд байсан Цэдэвийн Дашдорж, 2008-2013 онд одоогийн Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Борхүүгийн Сүхбаатар, 2013-2018 онд одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Жазагийн Амарсанаа нар ажиллаж ирсэн байдаг. 
Холбоо маань “Одод шүргэх Алтай” оюутны урлагийн наадам, “Зүүдний мөнгөн Алтай” Говь-Алтай аймгийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт, “Азаар заяасан Алтай мину" спортын наадам, сагсан бөмбөгийн ЛИГ-ийн тэмцээн, эрдэм шинжилгээний бага хурал, төслийн уралдаан, “Good Students” тэтгэлэгт хөтөлбөр, ажлын байрны өдөрлөг, уулзалт ярилцлага, сургалт, судалгаа, “Зулай цагаан Алтай” шинэ жилийн баяр, “Алтай нутгаа хөгжүүлье” зөвлөгөөн зэрэг олон сайхан ажлын эхлэлийг тавьж, уламжлалыг тогтоон ажилласаар ирсэн юм.
-“Ирээдүй-Алтай” холбоо байгуулагдсан цагаасаа л Улаанбаатар хотод сурч буй оюутнууд руу чиглэсэн олон талын арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Энэ онд холбооны 15 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд ямар ажлууд биеллээ олох вэ, ажлын төлөвлөгөөнөөсөө танилцуулна уу?
-Холбооны маань ажил сүүлийн үед бага зэрэг уналтын байдалтай байсныг энэ холбоог анх байгуулагдсанаас хойш өдийг хүртэл хамт байгаа, одоо сонгогдоод буй манай багийнхан сэтгэл зүрхээ зориулан шинэ түвшинд гаргахаар зорьж байна. 15 жилийн ойн болон шинэ тэргүүнээр сонгогдсон ажлын гараагаа “Түүчээ залуус” төслөөр эхэлж байгаа. 
Уг төсөл 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 01-ний хооронд Говь-Алтай аймгийн сумдад хэрэгжих юм. Залуучуудын сайн дурын бөгөөд утга учиртай оролцоог дэмжих энэ төслийн хүрээнд тус аймгийн уугуул, суугуул бөгөөд 40 хүртэлх насны залуучууд, оюутнуудаас бүрдэх гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд өөрсдийн санаачилсан ажлаараа уралдах юм. Төсөл бүх сумд хэрэгжинэ. Нэг сумаас хэдэн ч баг оролцож болно. Оролцсон багуудаас шилдэг тавыг нь шалгаруулж, 500 мянгаас нэг сая төгрөгөөр урамшуулж, бүтээлч санаачилгыг нь олон нийтэд хүргэх, улмаар хүмүүс бид эвлэлдэн нэгдсэнээр ямар их зүйл бүтээж болдгийг харуулах зорилготой. Иймд нутгийн түмэн маань сум сумынхаа түүчээ залуусыг дэмжин үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дараагийн ажил маань Алтайн оюуны хөгжлийн ассоциаци 2009 онд анхлан зохион байгуулж байсан “АЛТАЙЧУУДЫН БЭСРЭГ НААДАМ”-ыг хоёрдахь удаагаа 2018 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Алтайн оюуны хөгжлийн ассоциаци, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, Хантайшир бөхийн дэвжээтэйгээ хамтран нутгийн бөхчүүдийн наадмын бэлтгэлд гардаг Цонжин болдогийн хөшөөний хойно байрлах “Мандал” амралтын газрын ойролцоо хийхээр төлөвлөөд бэлтгэл ажил хангагдаж байна. Уг бэсрэг наадмаар улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан, урлагийн оддын тоглолт, Алтай нутгийн ахмад, дунд, залуу үеийн залгамж халааг бэхжүүлэх уулзалт, тэмцээн уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах юм. Ажлаа танилцуулахын далимд уг бэсрэг наадамд Улаанбаатарт ажиллаж амьдарч буй нийт Алтайчуудаа урин залж байна. 2003 оноос хойш “Ирээдүй-Алтай” холбооны үе үеийн удирдлагын багт ажиллаж байсан залуусаа заавал ирэхийг уриалж байна. 
Намар “Түүчээ залуус” төслийнхөө хоёрдугаар шатыг шалгарсан таван багийнхаа дунд үргэлжлүүлэх бөгөөд тус шатанд хийгдэх ажлыг одоохондоо нууц болгоод үлдээе.
2018 оны аравдугаар сард “Ирээдүй-Алтай” холбооны 15 жилийн түүхэн сэтгүүл хэвлэгдэх бөгөөд үүнтэй зэрэгцэн нэг томоохон ажлыг “Түүчээ залуус” төслийн хоёрдугаар шатны үр дүнд тулгуурлан хийх юм. Дараа нь бид холбооныхоо 15 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт буюу Улаанбаатар хот дахь Алтайчуудын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээг өвөрмөц шийдэлтэйгээр нутгийн зөвлөл, бусад Говь-Алтай аймгийн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Залуучууд аливаа ажлыг санаачлаад хийхэд тулгардаг нэг том бэрхшээл бол санхүүгийн асуудал байдаг. Та бүхэн үүнийг хэрхэн шийдэж байна?
-Манай холбооны дүрмүүд болон санхүүгийн журмын дагуу их чуулганаар сонгогдсон Бодлогын хорооны гишүүд, тэргүүн, дэд тэргүүнүүд маань тодорхой хэмжээний хандивыг татвар маягаар жил болгон төвлөрүүлдэг. Уг хандив нь холбооны дээр дурдсан ажлуудыг бүрэн санхүүжүүлэх боломжгүй байдаг хэдий ч хийх сэтгэл байвал ямарч ажлын санхүүжилтийг босгоод хийж болдогийг бид 15 жилийн туршлагаараа олж авсан хамт олон. Эхний ажлуудын санхүүжилтээ аль хэдийнэ найз нөхөд, нутгийн ахан дүүсийн эв нэгдлийн тусламжтайгаар шийдээд ажлууд маань амжилттай явж байна.
-Таны хувьд холбооны тэргүүнээр сонгогдоод л аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөл, залуучуудын байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн.  Хамтын ажиллагаа хэр өргөжиж байна вэ?
Миний хувьд Алтай нутгийн хөгжил бусад аймгуудаас тааруухан байгаа нь ганцхан бидний эв нэгдэлгүй байдлаас үүдэлтэй гэж дүгнэдэг учир нутгаас төрж гарсан бизнесмэн, улс төр, шинжлэх ухааны шилдгүүдээ аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөл, бусад залуучуудын байгууллагуудтайгаа уулзуулж нэгтгэн ямар их хүчтэй урагшилж болохыг харуулахаар дээр дурдсан ажлуудаа хамтраад хийж эхлэж байна даа.
-Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд залуус хэр оролцож байна вэ?
-Холбооны үйл ажиллагаа идэвхтэй байх үед оролцоо өндөртэй, залуус маань идэвх сайтай байсан. Сүүлийн үед оролцоо жаахан буурав уу даа гэж бодож байсан ч эхний ажлаа зарлаж эхлээд л оролцоо хангалттай сайн байгаа нь харагдаж байна.
-Залуучуудын байгууллага тэр дундаа олон нийтийн байгууллагад ажилласнаар залууст маань хөгжих боломж хэр нээлттэй байдаг вэ. Улстөржих, намчирхах асуудлууд ямар нэгэн нөлөө үзүүлдэг үү?
-Олон нийтийн байгууллагад ажилласнаар залуус маань төрөл бүрийн хүнтэй харилцаж сурахаас эхлээд цаашдын амьдралдаа асар их өөрчлөлт нөлөөллийг авчрахад бүх зүйл нээлттэй байдаг. Мөн нөхөрлөл танилын хүрээгээ тэлж, хамтдаа өөр өөрийн сонирхлын дагуу нэгдэн илүү их амжилт гаргах гэх мэт олон боломж нээгддэг. 
Улстөржилт, намчирхал бага зэрэг нөлөө байх ч зөвхөн залуус гэлтгүй нийтээрээ энэ зүйлийг хойш тавьж сурах цаг нь аль хэдийнэ болсон гэж бодож байна.
-Залуучуудын байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд залуу хүний идэвх оролцоог хэрхэн үнэлдэг вэ. Ахмад үеийнхэн бол бидэнд шүүмжлэлттэй ханддаг шүү дээ? 
-Залуусын идэвх оролцоог идэвхтэй үйл ажиллагаа явуулснаараа бий болгохоос шүүмжлэлтэй хандсанаар бий болгохгүй болов уу гэж бодож байна.
-Холбооны цаашдын зорилго тэмүүллийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Та бүхний алс хэтийн зорилго юунд тэмүүлж байгаа бол?
-Монгол Улсын шинжлэх ухаан, боловсрол, соёл, бизнесийн салбарын шилдгүүдийг бодлогоор дэмжиж, бэлтгэхэд бидний зорилго оршиж ирсэн бөгөөд “Алтайн ирээдүйн эздийг Ирээдүй-Алтайгаас төрүүлнэ” гэсэн алсын хараа, уриа маань олон жилийн өмнө бий болсон байдаг. Энэ сайхан урианыхаа төлөө бодлогоор бий болгох шилдгүүдээ төрүүлэхээр, төрүүлсэн шилдгүүдээ нутгийнхаа хөгжлийн төлөө нэгдүүлэхээр дээр дурдсан болон цаашдын олон арга хэмжээнүүдээ зохион байгуулж, Алтай нутгийн хөгжлийн төлөө Алтайчуудын эв нэгдлийг бат бөх бий болгохыг зорин ажиллана даа. 
Хэдий нутгаасаа хол байгаа ч нутгаа гэх сэтгэлтэй уугуул түмэн, Алтай нутагтаа амьдран суугаа нутгийн түмэнтэйгээ хамтраад унаган төрөлх нутгаа, амьдарч байгаа орчноо хэрхэн хөгжүүлж, өөрчилж болохыг бид хамтдаа харуулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Цаашдын ажилд тань амжилт хүсье?
-Баярлалаа. Нутгаа гэсэн сэтгэлтэй хүн бүрт бидэнтэй хамтран ажиллах үүд үргэлж нээлттэй гэдгийг хэлье. Та бүхэндээ эрүүл энх, эв нэгдэл, ажлын амжилт ерөөе.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ