Ц.Чогсомжав: Хэнтий аймгийн 95 жилийн ойн хурдан морины уралдаанд 95 морь барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-11 13:08:56
Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 13, 14-нд болно. Ойг зохион байгуулах комиссын даргаар тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав ажиллаж байна. Тиймээс ойн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар тодруулж ярилцсанаа тоймлон хүргэе.

-Хэнтий аймгийн  95 жилийн ойн комисс хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ? Хэдэн удаа хуралдаж, ямар ямар төлөвлөгөө гаргасан бэ?
-Хан Хэнтийчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Бид бүхэн түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхээр эртнээс бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Аймгийн Засаг даргын гуравдугаар сарын 14-ний өдрийн  захирамжаар баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх 5-10 хүний бүрэлдэхүүнтэй 15 салбар хороог байгуулж, комиссын даргаар миний бие томилогдсон. Энэ хугацаанд ажлын хэсгийг бүрэлдэхүүнээр нь хоёр удаа хуралдуулснаас гадна салбар хороод тус бүртэй хуралдаж, хийх ажлуудаа нарийвчлан төлөвлөөд ажлаа эхлээд явж байна.  

- Энэ жилийн ойг ямархуу байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Жил бүр төрийн байгууллагын албан хаагчид баярын жагсаал хийдэг байсан. Энэ удаад тийм зүйл байхгүй. Төрийн албан хаагчид маань ч гэсэн иргэдтэй адил суудалдаа суугаад наадмынхаа нээлтийг гэр бүлийнхээ хамт үзэх боломжтой. Харин нээлтийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулахыг нээлт хаалтын салбар хороо, урлаг соёлын салбар хороонд даалгасан. Мөн наадмын талбайд лед дэлгэц байрлуулж, иргэдэд морины уралдааныг мэргэжлийн морь тайлбарлагчаар тайлбарлуулж шууд дамжуулан хүргэхээр төлөвлөөд байна. Мөн 95 жилийн ой гэдэг утгаараа эхний 95 морийг барьж урамшуулна.

-Наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Наадмын бэлтгэл болгож, 140 сая төгрөгийн төсвөөр цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг хийж байна. Үүнд гадна засал болон үзэгчдийн суудлыг засварлах, зам талбай, тохижилтын ажлыг хийх, 00-ын асуудлыг шийдэх зэрэг ажлууд орсон. Улсын баяр наадмын дараа болж байгаа тул ирэх зочид гийчдийн тоо нэлээд нэмэгддэг. Тиймээс аймгийнхаа өнгө үзэмжид анхаарах зорилгоор зам талбайгаа засах, хайш хашлагаа будах, гэрэлтүүлгүүдийг бүрэн асаах, гэр хорооллын өнгө үзэмжид ч анхаарч байна. Мөн хотоо хоггүй цэвэр цэмцгэр байлгахаар байгууллага ААН-үүдийг их цэвэрлэгээнд гаргана. 15 салбар хороод маань төлөвлөгөөгөө гаргаад ажлаа эхлүүлээд явж байгаа. Гол нь иргэдийгээ үзэж харах зүйл ихтэй, өв соёлоороо бахархаж омогшихоор тийм сайхан наадмыг зохион байгуулна гэдэгт сэтгэл нэгдэн ажиллаж байна.

-Ойг угтан хийж буй ямар ажил, бүтээн байгуулалт байна вэ?
-Бид энэ онд 22,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Үүнд төрийн зургаан байгууллага буюу Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Авто тээврийн газар, ХХҮГ, Стандарт хэмжилзүйн газрын барилгыг шинээр барин, ашиглалтад оруулна. Мөн 7,3 тэрбум төгрөгөөр Чингис хот, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумдад 120-200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгууд Хэрлэнбаян-Улаан, Хурх тосгоны сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгын их засварууд 216 сая, Бор-Өндөр Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Бэрх, Хурх тосгоны соёлын төвийн барилгын их засварууд 939 сая, Баянхутаг сумын спорт заал 750 сая, Онон голын төмөр бетон гүүрийн засвар 2,4 тэрбум, Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын дээврийн их засвар 45 сая төгрөгийн ажлууд тус тус хийгдэнэ. Саяхан хүүхдийн баярын өмнө Баянмөнхийн цэцэрлэгт хүрээлэнг төрийн болон ТББ-ын дэмжлэгтэйгээр шинэчлэн засварлаж ашиглалтад орууллаа. Ийнхүү бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, цэцэглэлтээр дүүрэн сайхан жил өрнөж байна.
Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ