Сургуулийн сурагчид замын тэмдэглэгээг будаж сайжруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-11 23:20:12
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагчид авто зам дээрх явган хүний гарц тэмдэглэгээг тодруулж будаж байна. 
Хүүхдүүд нийгмийн сайн сайхны төлөөх идэвх санаачилгаараа өөрийн сургуулийн ойролцоох замын явган хүний гарцуудыг 3D хэмжээсээр будаж байгаа ажээ. Ингэж будсан тэмдэглэгээ товойж харагддаг учраас жолооч нар үүнийг хараад хурдаа эрс багасгадаг гэнэ. 

Хүүхдүүдийн энэхүү сайн үйлсийг аймгийн Цагдаагийн газраас сайшааж, "Талархал"-ын бичиг, мөнгөн шагналыг гардууллаа. Тус газрын дарга, хурандаа О.Ганбат хэлэхдээ "Энэ нь хүн харахад энгийн нэг жижиг ажил мэт боловч өөрсдийнхөө мөнгийг зарцуулан нийтийн эрх ашиг, аюулгүй байдлын төлөө  хийж байгаа нь алсыг харсан, ач холбогдолтой ажил юм" гэлээ.
Түүнчлэн 27 сурагчтай тус ангийнхан сургуульдаа номын сайн байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ