Баян-Өлгийд хоол боловсруулах замын хавдраар өвчлөгчид нэмэгдэж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-06-12 00:56:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт ард иргэдийн амьдралын онцлогоос шалтгаалан хоол боловсруулах замын хавдар нэмэгдэж байгааг ХСҮТ-ийн эмч,  анагаах ухааны доктор, профессор Р.Асай өчигдөр Өлгий хотод болсон "Хавдрын эсрэг аян"-ын нээлтийн ажиллагааны үеэр онцоллоо.

Түүний тайлбарласнаар өтгөн халуун цай уух, борцолсон мах, давсалсан казыг хүнсэнд ихээр хэрэглэх, борцны тосыг дахин ашиглах зэрэг нь элэг, ходоод, улаан хоолойн хавдрын өвчлөл гарахад нөлөөлж байгаа ажээ. Иймд  амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж, зөв хооллох, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдснаар хавдрын өвчлөлөөс сэргийлж болохыг, хавдрыг эрт оношилж илрүүлсэн тохиолдолд эдгэрэх бүрэн боломжтойг тэрээр зөвлөлөө.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр 2016 онд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 319 хүн хавдраар өвчилж байсан бол 2017 онд нэмэгдэж 400 орчим хүн болжээ. Хавдраар өвчилдөг иргэдийн  42 хувийг элэг, 25 хувийг уушги, 11 хувийг эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог өндгөвч, умайн хүзүүний хавдар, үлдсэн хувийг хавдрын бусад төрлүүд эзэлдэг аж.

Иймд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх талаар ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран "Хавдрын эсрэг аян"-ыг баруун гурван аймагт зохион байгуулж байгаа юм. Хавдар судлалын үндэсний төвийн баг бүрэлдэхүүн өчигдөр Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.

Нарийн мэргэжлийн эмч нар Өлгий хотод таван өдрийн турш байх бөгөөд иргэдэд элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоо хийх юм. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчилгээ хийх ажээ.  

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ