Ганц модонд Өмнөговьчууд худалдааны гудамж нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-13 11:53:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ БНХАУ-ын хилийн цаад тал буюу Ганц модонд Өмнөговь аймгийн нэрэмжит худалдаа үйлчилгээний гудамжийг байгуулж, бизнес эрхлэгчдийг дэмжихээр болжээ. Энэхүү худалдаа үйлчилгээний гудамжинд Өмнөговьчууд нутгийнхаа брэндийн бүтээгдэхүүнийг худалдаалахаас гадна монгол үндэсний хоолны ресторан байгуулах юм байна. 
Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоорондын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох зорилгоор улиралд нэг удаа хоёр тал уулзаж байхаар болсон юм. Энэ удаагийн уулзалтаар Баяннуур аймгийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг эцэслэн шийдвэрлэсөн бөгөөд дээрх худалдааны гудамжийг байгуулахаар болжээ.
Мөн үүнээс гадна Ханбогд сумын Хайрхан багийн төв буюу нутгийн иргэдийн хэлж заншсанаар "Гурван байшинт"-д Гашуун сухайт боомтын ажилчдын 24 айлын орон сууцыг барьж 2018 онд ашиглалтад оруулахаар болсон байна. Олон жил хаягдаж төрийн хяналт үйлчилгээгүй удсан гэгддэг Цагаан хад гаалийн хяналтын бүсийг гэрэл цахилгаантай болгох зорилгоор цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл хийж Цагаан хад суурьшлын бүсийг 24 цагийн байнгын тог цахилгаантай болгохоор хоёр тал ажлуудыг эхлүүллээ.
Цаашлаад Хайрхан багийн төв дээр 50 хүүхдийн цэцэрлэг барихаар ярьж байгаа аж.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ