К2 уулын оргилд авирахаар зорьж буй Б.Гангаамаад төрийн далбаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-06-13 13:52:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хоёр дахь удаагаа авиралт хийхээр маргааш эх орноосоо мордох гэж буй МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаад БТСГ-аас төрийн далбаа гардууллаа.

Тэрбээр хэлэхдээ, “Энэхүү уулын оргилд авирах бэлтгэл ажил “Seven summit”-ийг дууссаны дараа буюу 2016 оноос хойш үргэлжилсэн. Энэ хугацаанд эх орондоо болон ОХУ-ын Кавказ, Төвдөд бэлтгэл хийсэн. Урьд нь энэ ууланд 300 гаруй уулчин авиралт хийсэн байдаг. Миний хувьд 2013 онд анхны оролдлогоо хийж байлаа. Гэвч тухайн үед цасан нуранги болж олон хүн нас барсны улмаас авиралт цуцлагдаад буцсан юм. Түүний дараа дахин оролдлого хийнэ гэж амласныхаа дагуу явах гэж байна. Өнгөрсөн онд МУГТ Г.Өсөхбаяр оролдого хийгээд амжилтгүй болсон. Энэ бол К2 ууланд Монгол хүн авирах гэж буй гурав дахь оролдлого. Тус ууланд авирах 3-4 зам байдаг. Үүний гурвыг нь буюу 5-ын Б, 6-ын А, Б гэсэн  замын ангиллыг Оросын уулчид сонгосон байдаг. Би Абрузын зам буюу 5-ын Б гэсэн замын маршрутаар авирна. Манай багийн бүрэлдэхүүнд олон улсын 14 авирагч, 14 уулчин нийтдээ 28 хүн багтсан. Монгол хүн энэ ууланд гараагүй учир дэлхийн түүхийг бид бичилцэх ёстой гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Зорилгодоо хүрэх боломжийг маань хангаж өгсөн “Таван богд” ХХК, “Говь”ХХК-даа баярласнаа илэрхийлэх нь зүйтэй” хэмээв.

Тэрбээр энэ сарын 15-нд Сланабад, 16-нд захын тосгон Скардод очих юм байна. Харин авиралт энэ сарын 18-наас эхэлж нийт хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд тэрбээр эх орондоо 8 дугаар сарын 16-нд ирэхээр төлөвлөжээ. К2 ууланд авиралт хийхэд 35 мянган ам.доллар зарцуулж байгаа гэнэ.

Монголын Уулчдын Үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Баянцагаан, “К2 ууланд авирахаар зорино гэдэг уулчнаас маш эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа шаарддаг. Эмэгтэй хүнээс ийм том зориг гарна гэдэг гайхалтай. Гангаамаадаа зорилгодоо хүрээд эх орондоо эсэн мэнд ирээрэй хэмээн хүсэн ерөөе” гэв.

Дашрамд дурдахад, Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршино. К2 уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг байна. Энэ уул дэлхийн уулчдын авирахыг хүсдэг уулын нэг боловч хамгийн их эрсдэлтэй гэдгийг олон улсын шинжээчид тогтоожээ.
 
О.Болорцэцэг

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ