“Монхимо” ХХК-ийн утаагүй, эко түлш агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-06-13 15:34:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урин дулааны улиралд агаарын бохирдол, утааны талаар бүгд л түр зууртаа мартдаг энэ үед “Монхимо” ХХК БНСУ-ын “Ёмин” технологийн институттэй хамтран утаагүй нүүрс гаргаж авах технологиийг туршиж буй таатай мэдээ дуулдсанаар манай сурвалжлах баг тус компанийг зорив.
Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монхимо” компанийг зорин очиход нүүрсний шугам бүхий конвейр, хоёр зууханд нүүрс түлж байгаа харагдлаа. Нэг зуухных нь яндангаас хар утаа суунаглаж, хамар цоргим үнэртэж байсан бол нөгөө зууханд гал асч байгаа хэдий ч утаа харагдсангүй. Утаагүй нүүрсээ туршиж үзэж байгаа нь энэ юм. Энэ технологийн онцлог нь шатаах нүүрсээ шигшиж хоёр төрлийн шингэн цацдаг аж. Ингээд конвейрээр гарч ирсэн нүүрс ямар ч утаа, тортог, үнэргүй. Конвейрийн хажуу талд хоёр реактортой шингэн зүйл байрлуулсан нь нүүрсийг утаагүй, агаарт хорт хийг гаргахгүйгээр үнсэнд нь барьж үлдээдэг тоног төхөөрөмж нэвтрүүлсэн нь энэ байлаа.



Технологийн талаар БНСУ-ын “Leephysics” компанийн Бизнес хөгжлийн албаны дарга Ким Ин Жик хэлэхдээ, “Бид ахуйн хэрэглээний нүүрсэнд нано технологийг Монголд анх удаа туршиж байна. Цахилгаан станцын нүүрсний илчлэгийг сайжруулах энэ технологийг нэвтрүүлэх талаар Польш, Турк, Хятад, Индонези зэрэг улстай хамтран ажиллаж байгаа бол Монголд ахуйн хүрээнд гэр хороололд хэрэглэх боломжтойг судалж туршиж байна. Энэ технологиийг хэрэглээд Улаанбаатарын утааг багасгаж чадвал бидний цаашдын үйл ажиллагаанд ч чухал нөлөөтэй. Анх 3 жилийн өмнө нээсэн энэ технологийн хүрээнд Монголд олон удаа ирж, том жижиг туршилт хийж байгаад одоо эцсийн байдлаар туршилтын үйлдвэрээ танилцуулж, технологио үзүүлж байна” гэлээ. 



“Монхимо” компанийнхан өнгөрсөн жил гэр хорооллын зарим өрхөд эко нүүрс туршихад нүүрсний хэрэглээг 30 хувиар хэмнэж байснаас гадна хорт утаа ялгараагүйг иргэд хэлж байлаа. Иргэн Б.Отгонбаяр ярихдаа, “Өнгөрсөн жил төв талбай дээр эко зуухны үзэсгэлэн гарахад эдний зуухыг авч галлаж үзсэн. Тэгэхэд надад Багануурын нүүрс болон эко нүүрснээс нэг нэг шуудайг өгч галлахад Багануурын түлш 2 цагийн дараа шатаж дуусахад гэр бүлээн болж байсан. Харин эко нүүрсээр галлахад 4-6 цаг болсон. Багануурын нүүрс нь дутуу шаталттай байдаг юм уу, орог саарал, харин эко нүүрс нь бүрэн шатдаг учраас шар үнс гардаг. Чанарын хувьд эко нүүрс дулаанаа барих нь илүү юм билээ. Гараар барьсан ч тортог багатай, дээр нь үнэргүй байсан. Нэг шуудайг гурван өдөр түлсэн. Харин Багануурын нүүрсийг бүтэн өдөр хагас түлсэн. Тиймээс боловсруулсан нүүрсний хэрэглээ эдийн засаг,  эрүүл ахуйд ч ашигтай юм  билээ гэдгийг хэлмээр байна” гэв.



Ингээд бид дээрх технологийн талаар “Монхимо” ХХК-ийн Эрдэм шинжилгээ туршилтын төвийн захирал, МУИС-ийн Хими, химийн инженерийн сургуулийн профессор Д.Дэмбэрэлнямбаас тодруулав.
 
-Утаагүй нүүрс гарган авах технологийнхоо талаар тодруулна уу?
 
-Энэ нь товчхондоо байгалийн композит нийлмэл бодисыг өөрийн хүрэн нүүрстэй урвалд оруулж цэвэр нүүрс гаргаж авах явдал юм. Чулуун нүүрсийг хоёр төрлийн байгалийн гаралтай нано композит материалаар шүршин нүүрсний бүтцийг өөрчилж, шатах үед агаарт дэгддэг хорт хий, утааг үнсэнд нь барьж үлддэг онцлогтой, сайжруулан боловсруулсан түлш гарч байгаа юм.
БНСУ-ын “Leephysics” компанийн технологиор боловсруулсан энэ аргыг турших солонгосчуудтай хийж буй бидний хамтын судалгаа 2015 оноос эхэлсэн. Эхэндээ нүүрсийг хялбар аргаар утаагүй болгох аргыг хайхад олон арга байдаг ч бүгд үнэтэй тусч байсан. Утаагүй нүүрс гаргахын тулд эхлээд нүүрсийг битүү саванд 1000-аас дээш хэм халааж коксжуулдаг боловч бас бүх нүүрс тэгж коксжихгүй. Тухайлбал, Багануурын болон хүрэн нүүрс коксжихгүй, харин Тавантолгойнх коксждог. Нүүрсийг халааж шатаахад жингийн хорогдол гарч 20-50 хувиа  алдана. Ийм нөхцөлд нүүрсний өөрийн өртөг нэмэгдэж байгаа юм. 50 хувиа алдсан Багануурын нүүрс  хэрэглэгчдэд мэдээж үнэтэй очно. Энэ өнцгөөс харвал иргэдэд үнэтэй, утаагүй, хямдхан, амархан шатаж, илч дулаанаа сайн өгдөг нүүрс хэрэгтэй болно доо. Коксжуулсан нүүрс гэдэг нь нунтаглаад халаадаг учир ийм нүүрсийг айлд хүргэж өгөх боломжгүй.Тиймээс нунтаг нүүрсээ ямар нэгэн барьцалдуулагч хэрэглэж шахаж брекет буюу шахаж хэвлэгддэг. Эсвэл бүр өндөр даралтаар халааж байгаад шахна. Ингэж барьцалдуулж байж давирхай ялгарч шахмал бэлэн болдог.
Энэ технологи нь өндөр даралттай болохоор үнэ өндөр. Эсвэл шавар, цемент, шингэн шил, цардуул гэх мэт олон янзын барьцалдуулагч хэрэглэж болох ч норсон нөхцөлд хэрэглэгчдэд очсоор байтал задраад үйрмэг болох эрсдэл бий. Шингэн шилээр хийвэл цавуу шиг наалдчих учраас бөх бат болно. Гэхдээ аль ч шахмал жижиг хэлбэртэй болохоороо шаталт нь муу байдаг. Яагаад гэвэл зууханд жижигхэн хомоол шиг юмнууд ороход агаар бага нэвтэрнэ. Харин нүүрс том учраас хоорондоо зайтай шаталт нь сайн байдаг.
Эко нүүрсний технологи нүүрсэн дээрээ бензин шиг, шатамхай бодис цацсанаар шатах чадвар сайжирдаг. Гэхдээ энэ арга аюултайгаас гадна өндөр үнэтэй. Цацдаг бодис хэрэглэгчдэд болон үйлдвэрлэж байгаа хүмүүст хоргүй байх ёстой. Энэ талд Солонгосын технологи их энгийн, шигшсэн нүүрсийг хоёр төрлийн шингэнээр шүршдэг, өдөрт 100 тонн нүүрс боловсруулж гаргах конвейр бүхий шугамтай юм .Шингэнийг бид хоёр реактор дотор идэвхжүүлсний дараа цацаж байгаа. Ингэснээр нүүрсний утаа 70-80 хувиар, тоосонцор 10 дахин буурах нь тогтоогдсон. Дээр нь нэг давуу тал бол шүршээд, хатаагаад гарсан эко түлш нь илчлэг өндөр, 1000-1500 ккалоор нэмэгддэг. Нэг айл өвөл 5 тонн нүүрс түлдэг байсан бол 3.5 тонн нүүрс түлнэ. Үйлдвэрээ байгуулаад ижил юмуу арай хямд үнэтэй байж л хэрэглэгчдэд хүрнэ.

-Үйлдвэр барихад хэр хэмжээний хөрөнгө төсөв орох вэ?

-Энэ технолгийг зохих газруудад шалгуулаад зөвшөөрвөл авч үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Манай компаниар дамжуулаад хэрэгцээтэй газруудад нь хэрэгжүүлэх юм бол нийтээрээ утаанаас салаасай гэж бодож байна. Бид ийм технологи, боломж байна гэдгийг өөрсдийн зохих түвшинд туршаад танилцуулж байгаа юм.
Төр засгийн шийдвэр гаргах түвшинд нь танилцуулна. Хэрэв утаанаас салахыг хүсч байгаа бол шийдвэрээ гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Энэ технологийг манай холбогдох газрууд нь шинжилж үзсэн болов уу?

-2015-2017 онд Монгол Улсын стандартын шаардлагыг хангасан. Боловсруулж байгаа шингэнээс шууд газар дээр нь дээж авч шинжилсэн. Тухайн бодисоос хүнд харшлах нөлөө, агаарт дэгдэж байгаа шатамхай байдал зэргийг давхар шинжлүүлж байгаа. БНСУ-ын тал шинжилсэн. Бидний зүгээс хяналтын шинжилгээ хийнэ.
 
-Эко нүүрсний ач холбогдол юу вэ?

-Сайжруулсан эко нүүрс нь харагдах байдлаараа жирийн нүүрстэй адилхан боловч шатах явцад агаарт ялгарах хорт хий, утааны хэмжээг 70 -80 хувь багасгах бөгөөд илчлэг нь 1500- 2000 ккалориор нэмэгдэж түлш зарцуулалтад 30 хувь орчим хэмнэлт үүснэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын нүүрсний хэрэглээг эко нүүрсээр бүрэн орлуулбал агаарын бохирдол 70-80 хувь буурна. Нүүрс түлдэг айл тутамд түлш зарцуулалт 30 хувь хэмнэгдэж, 150-250 мянган төгрөгийн бодит хэмнэлт гарна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ