Цэргүүд тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-13 15:39:19
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь хилийн 0132-р ангид энэ оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн цэргүүд тангарагаа өргөлөө.
Тус хилийн отрядад хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгаас цэргийн насны залуус хугацаат цэргийн албанд татагдан ирж алба хаадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Сүхбаатар аймгаас болон Дорнод аймгийн зарим сумаас цэргийн насны залуусыг хугацаат цэргийн албанд татжээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд хилийн Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлага, хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, ахмад хилчдийн төлөөлөл, ХЦАХ-дын ар гэрийнхэн оролцсон юм.
Шинэ дайчид нэг сарын хугацаанд сургалтын төвд хичээллэн цэргийн хэргийн анхан шатны мэдлэгтэй болжээ. Тэд өнөөдөр хил дээр алба хаахаар хилийн заставуудаа зорьж байна.
Цэргүүдийг заставт хувиарласны дараа 14 хоногийн турш газар оронтой танилцуулах, галт зэвсэгтэй харьцах, тогтсон цагийн хувиарийн дагуу албанд дадлагажуулах ажил үргэлжилнэ. 
Дашрамд дуулгахад Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдыг албанд нь дасгах болон анхан шатны бэлтгэл сургалтад хамруулж, эх орондоо үнэнч зүтгэхийг сануулан ийнхүү тангараг өргөх ёслол зохион явуулдаг юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ