Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн төслийг буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-13 17:59:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
 

Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах шаардлага тулгарч буй юм. Иймд  орон нутагт байрлах мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулснаа Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Хуулийн төсөлд Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг томилохдоо тухайн орон нутгийн Засаг дарга, тус нэгжийн даргатай зөвшилцөн томилохоор тусгасан байна.

Монгол Улсад нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, 774 булаг шанд, 263 гол горхи ширгэсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр цохон тэмдэглээд, "Газрын доройтол эрчимтэй явагдаж байгаа энэ үед цаг уурын мэргэжлийн байгууллагыг илүү бэхжүүлж, төрийн бодлогоор дэмжих ёстой. 94 жилийн түүхтэй цаг уурын байгууллагын хувьд боловсон хүчнээ бэлтгэхэд ихээхэн цаг хугацаа зарцуулсан. Тиймээс энэ байгууллагын бүтэц, орон тоог хөдөлгөхгүй үлдээх нь зөв" гэсэн санал хэллээ.

Мөн үеэр Д.Эрдэнэбат гишүүн хуулийн төсөл нь боловсруулалтын шаардлага хангахгүй байгаа учир төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ