Хуралдаанд суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-14 13:40:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцлээ.

Д.Хаянхярваа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, УИХ гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд суугаагүй цаг ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны гуравны нэгд хүрсэн бол гишүүнийг эгүүлэн татна хэмээн заажээ.

Харин С.Бямбацогт нарын 14 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох, гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.
 
Дээрх хуулийн төслүүдэд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татах заалт байхад дэгийн тухай хуульд нэмэлт заалт оруулах шаардлагагүй гэдгийг Н.Учрал гишүүн дурьдлаа.

Мөн Ц.Мөнх-Оргил гишүүн УИХ-ын байнгын хороодын хуралдааныг хаалттай горимоор явуулдаг болох чиглэлд зохицуулалт оруулсан эсэхийг тодрууллаа. Хаалттай хэлэлцэх асуудлыг хуулийн төсөлд оруулах эсэхийг хэлэлцүүлгийн явцад судлах боломжтой гэдгийг Д.Хаянхярваа гишүүн тайлбарлав.

Түүнчлэн гишүүдийн зүгээс иргэдийн өмнөөс Монгол төрийн дээд байгууллагад ажиллаж байгаа хүн өөрийн ёс зүйгээр хуралдаа тогтмол суудаг байх хэрэгтэй. Тиймээс заавал хуульчлах шаардлагагүй гэсэн санал хэлж байлаа. Аливаа зүйл дэг журамтай байх хэрэгтэй тул хуульчлах нь зөв гэдгийг хууль санаачлагчид хэлсэн юм.

Мөн хуралдааны үеэр Л.Болд гишүүн, “УИХ-ын гишүүн хурал тасалсан тохиолдолд ял, шийтгэл ногдуулах асуудлыг Эрүүгийн хуулиар, бусдын өмнөөс кноп дарах асуудлыг  Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Үндсэн хуульд заасан гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг энэ хуульд давхар оруулах шаардлагагүй” гэлээ.

Энгийн төрийн албан хаагч 3 удаа ажлаасаа хоцроход л халагддаг. Тиймээс төрийн дээд байгууллагад ажиллаж байгаа гишүүдэд мөн хариуцлага тооцох асуудлыг ярих шаардлагатай тул хуулийн төслийг дэмжиж буйгаа Ж.Мөнхбат, Ж.Энхбаяр, М.Билэгт нарын гишүүд хэлэв.

Мөн Л.Энх-Амгалан гишүүн, “2016-2018 онд УИХ-ын гишүүдийн нийт таслалт 1012 цаг болсон байна. Тиймээс гишүүд өөрсдөөсөө шударга ёс, хариуцлага нэхэх цаг болсон” гэв. Мөн чуулганы хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүдийн нэрийг олон нийтэд нээлттэй зарлах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулахаар тогтов.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ