Өрхийн эмнэлгүүд “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппараттай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-06-14 15:23:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд СБД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппаратыг хүлээлгэж өглөө.
 
НЗД-ын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгасан уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ӨЭМТ-ийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангахаар зорьжээ. Энэхүү “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг зэрэг давуу талтай аж. Уг аппаратыг нийлүүлснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.
 
Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотой дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч байна. Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй. 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа гэсэн тоо баримт бий.
Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага "Эрүүл зүрх-Эрүүл хот" хөтөлбөрийг санаачлан гурван тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сонгосон юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болох юм. Үүний зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Ж.Болор
 
 

Холбоотой мэдээ