Ц.Цогзолмаа: Нас барсан хүүгийн ар гэрээс Засгийн газар уучлалт хүсч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-20 15:10:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар өрнөсөн Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр дууссан болон сургуулийн орчны аюулгүй байдлын талаар УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа. 

-ЭЕШ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалт хэрхэн өрнөв? Хэдэн хүүхэд шалгалт өгөв?
-Энэ жил хамгийн их төгсөгчтэй жил байв. Нийт 43824 хүүхэд төгсч, 49 шалгалтын төвд 1320 танхимд хуваагдан шалгалт өглөө. Энэ жилийн ЭЕШ өгч байгаа шалгуулагчдыг хохироохгүй үүднээс Улсын бүртгэлийн газартай серверээ холбосон. Шалгалт өгөх гэж байгаа хүүхдийн регистрийн дугаарыг хийхээр шалгуулагчийн бүх мэдээлэл гарч ирж байгаа учраас бүртгэлд  ямар нэгэн гомдол гараагүй. Мөн хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар олон хүүхэд хохирсон гэсэн гомдол гараагүй. Энэ жил анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өгөх анги танхимыг бэлдсэн. Ингэснээр 16 хүүхэд шалгалт өглөө. Мөн хорих ангид ял эдэлж байгаа 7 хүүхдийг шалгалтад оруулсан. Онооны нэгдсэн дүн 7 дугаар сарын 1-нд гарах бөгөөд  2-4-нд батламжийг нь  гардуулж өгнө.

-Зам тээврийн осол гарснаас болж шалгалтаасаа хоцорсон хүүхдүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

-Хоёр хүүхэд ослоос болж хоцорсон. Гэвч хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар хоцорсон хүүхдээс шалгалт нөхөж авах боломжгүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд ямарваа нэг асуудал үүсэхээс сэргийлж нэг цагийн өмнө шалгалт авах байрандаа ирэхийг олон удаа сануулсан. Эцэг эхчүүд ч хариуцлага алдаж байна. 12 жил сурсан хүүхэд нь амьдралынхаа бас нэг чухал үйл явдалд оролцох гэж байхад хариуцлагатай байх байсан болов уу.

-Нийт хэдэн хүүхэд шалгалтаас хоцорсон бэ? Өмнөх жилүүдэд хоцролт хэр байсан бол?
-Өмнө нь 1200 гаруй хүүхэд хоцорч байсан гэсэн тоо бий. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 500  гаруй хүүхэд шалгалтаас хоцорсон.   

-Өнгөрсөн жил шалгалтын материал задарсан асуудал гарч ихээхэн гомдол санал гарсан. Энэ жилийн тухайд тийм асуудал гарахгүй гэх магадлал байна уу?

-10 гомдлын 7 нь шалгалтаас хоцорсон, нэг хүүхэд шалгалтын өрөөнд тоног төхөөрөмж шуугисан, нэг хүүхэд харандаа тараасан байхад балаар бөглөсөн, барилгын ажил болж байгаагаас маш их шуугиантай байсан гэсэн гомдол ирсэн. Эдгээрээс өөрөөр хүүхдүүд олноороо хоцорсон, асуудал үүссэн зүйл байхгүй амжилттай болж өнгөрлөө. Мөн энэ жил анх удаа төвийн бүсээс Орхон, баруун бүсээс Ховд аймгийг  сонгож цахим хэлбэрийн ЭЕШ явуулж үзлээ. Ямар ч алдаа мадаг, асуудал гарсангүй. Цаашдаа үүнийг амжилттай нэвтрүүлбэл цаг зав, хугацаа хэмнэсэн том дэвшил болно. 

-79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Сургуулийн аюулгүй орчныг хангах талаар яамнаас ямар ажил хэрэгжүүлэх вэ?

-БСШУСЯ-наас Ажлын хэсэг гарч 79 дүгээр сургуульд болсон асуудлыг газар нь  очиж, шалгасан. Хэдийгээр хичээл тарсан ч хүүхдүүд өөр тоглох орчин байхгүй учир сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглодог. Хөлбөмбөгийн хаалгачийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй. Үүнийг засах нь сургуулийн удирдлагуудын үүрэг. 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны хариуцлага ногдуулна, жижүүрт хариуцлага тооцно.
Хүүхдийн амь нас үнэтэй. Гэтэл сургуулийн захирал “амиа алдсан хүүхдийн ар гэрт бурууг тохох гэж буй нь ёсзүйгүй асуудал". Монголын боловсролын систем бүх хүүхдэд ямар нэг ялгаваргүй  ижил тэгш хандана.  Амь насаа алдсан хүүгийн ар гэрээс Монгол Улсын Засгийн газар уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлж байна.

-Хариуцлага тооцохоос гадна аюулгүй орчныг бүрдүүлэх нь дахиад ийм осол гарахаас сэргийлж чадна гэж харж байгаа л даа?
-Гамшиг, гэнэтийн осол гарсан үед л араас нь ажиллаад л байна. Тиймээс яамнаас хуучирсан, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан объектуудын жагсаалтыг гаргана. Асуудал үүсэхээс өмнө ажиллаж, орон нутгийн удирдлага, эцэг эхийн хараа хяналтыг хамтарч сайжруулах, хариуцлагажуулах шаардлагатай байна.
8 дугаар сард Эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, идэвхжүүлэх ажил зохион байгуулна.  
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ