Гамшгийн эрсдэлийг бууруулах нь мал амьтдад мөн хамаатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
erdenechimeg@montsame.mn
2018-07-06 13:34:09
Нэр нь “үерийн талбар” гэж орчуулагддаг Дхемажи гэдэг газарт хэрвээ та амьдардаг бол танд юу тохиолдож болохыг мэдэж байгаа биз ээ.  Жил бүр үерт автаж байдаг Энэтхэгийн хойд Ассам муж дахь уг газарт Далимия гэдэг бүсгүй амьдардаг. Амьжиргааных нь гол эх үүсвэр болдог үхэр, галуугаа гамшгаас хэрхэн хамгаалах вэ гэдэг нь түүний гэр бүлийнхний санааг хамгийн ихээр зовоож буй асуудал юм.     
Далимия бол өдөрт 2 доллароос бага мөнгөөр амь зуудаг дэлхий дээрх 800 сая хүний нэг нь. Түүний амьдрал салхи шуурга, үерийн улмаас гэр оронгүй болох эрсдэлийг бууруулах  орон нутгийн стратегийн төлөвлөгөөнөөс хамаарах нь олонтоо. 
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын Бага хурлын хүрээнд болсон “Сендайг нээх нь: Гамшгийн эрсдэлийг бууруулах санаачилга дахь мал амьтадтай холбоотой асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн явцад Дэлхийн Амьтдыг хамгаалах нийгэмлэгээс /WPA/ бэлтгэн үзүүлсэн танилцуулгад Далимиягийн нэр дурдагдсан юм. 
 “2015 онд Сендайн үйл ажиллагааны хүрээ  баримт бичигт амьтдыг “үйлдвэрлэлийн капитал” гэж тусгаснаас хойш томоохон өөрчлөлт гарсан” гэдгийг тус нийгэмлэгт Гамшгийн удирдлагын асуудал эрхэлдэг ноён Хансен Тамби Прем дурдлаа.
Түүний хэлснээр, хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүний 25 хувийг мал аж ахуй бий болгодог ажээ. Дэлхийн Амьтдыг хамгаалах нийгэмлэг нь онцгой байдлын үед мал амьтдыг хамгаалах асуудлаар Энэтхэг, Филиппиний иргэний хамгаалалт, гамшигтай тэмцэх байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Ядуу фермерүүд гамшгийн үед нүүн шилжихдээ дурамжхан байдаг ба хэтэрхий их цаг алдаж нүүдэг. Малаа алдах нь сэтгэл санааны хувьд, санхүүгийн хувьд өөрсдөд нь ноцтойгоор нөлөөлнө гэж сэтгэл нь зовнидог учраас фермерүүд нүүх дургүй байдаг ажээ.  
Ноён Прем-ийн ярьснаар, мал амьтдын гарз хохирлын талаар гамшгийн талаарх мэдээлэлд дурдахгүй байх нь олонтоо. Энэ нь үндэсний болон орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахад хүндрэл учруулдаг байна.
Дэлхийн Амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Гадаад харилцааны зөвлөх Даниэлла Хичэ-гийн ярьснаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөндөө мал амьтдыг хамруулах нь тухайн улс орны хувьд үндэсний болон орон нутгийн хэмжээнд эрсдэлийг багасгах талаар хэр ахицтай ажиллаж байна вэ гэдгийг нь харуулах” ажээ. 
Тус нийгэмлэгийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.animalsindisasters.org цахим хуудсаар авах боломжтой.
Дэнис МакКлийн
Эх сурвалж: https://www.unisdr.org/archive/59136
 
 
 
 
 

Холбоотой мэдээ