Н.Наранбаатар: Энэ жил үндэсний ахуй амьдрал, соёлын онцлогийг түлхүү харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2018-07-07 15:05:34
Улаанбаатар/ МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдлээ. Үндэсний их баяр наадмыг нээлт, хаалтын тоглолтыг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар гурав дахь жилдээ найруулж буй юм. Тиймээс найруулагч Н.Наранбаатартай уулзаж, энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
 
-Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглоотын энэ жилийн онцлог нь юу вэ?
 
-Наадмын нээлт, хаалтын тоглолтыг "Монгол орон минь мөнхөд оршиг” гэсэн ерөөлийг бэлгэдсэн агуулгаар найруулсан. Өнгөрсөн хоёр жилийн найруулгад Монгол Улсын түүх, домгийн шинж чанарыг харуулахыг зорьсон бол энэ удаа тусгаар тогтнол, хэл, бичиг, газар шороо, ёс заншил, өв соёл зэрэг үндэсний аж байдал, ахуй амьдралын соёлын онцлогийг чухалчилна. Энэ жилийн онцлог нь хөгжим, дуу, шүлэг, уран зохиол, уран зураг зэргээс төр соёрхсон бүтээлүүдийг сонгон тоглолтын агуулгатай уялдуулж, олон түмний хүртээл болгохоор бэлдэж байна.
 
-Тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай явагдаж байна?
 
-Төрийн хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажил 98 хувьтай байна. Өнөөдөр Шадар сайдаар ахлуулсан төв комисст тоглолтоо хянуулаад маргааш 100 хувь бэлэн болгоно. Харин нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажил одоогоор 80 хувьтай байна. Нээлт, хаалтын үйл ажиллагаа маш том орон зай, өргөн цар хүрээг хамардаг тул цаг хугацаа их шаарддаг.
 
-Нийт хэдэн уран бүтээлч оролцож байна вэ?
 
-Төрийн статустай бүх урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлч болон өв тээгч настан буурлууд хүртэл оролцож байгаа. Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Гавъяат жүжигчин Т.Ариунаа, Г.Ариунбаатар зэрэг төрд үнэлэгдсэн алдартнуудаас эхлээд 500 гаруй уран бүтээлч оролцож байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайз, гэрэл, техник, хувцас оёдол, мужаан, жолооч гээд бүх хүнийг оруулж тооцвол 2000 гаруй болно.
 
-Та Үндэсний баяр наадмын тоглолтыг гурав дахь жилдээ найруулж байна. Энэ хугацаанд наадмын нээлтийг үзсэн гадаадын жуулчдаас таньд санал, сэтгэгдэл ирүүлж байсан уу?
 
-Өнгөрсөн жилийн нээлтийн үйл ажиллагааг үзсэн Японы жуулчид “Монголчууд ямар айхтар юм бэ. Ямар ч гэрлийн эффэкт хийх боломжгүй үдийн хурц наранд, ил талбайд  ямар гоё кино шиг хийж байнаа” гэж байсан. Тэгэхээр бид соёл урлагийн асар их  ялгамжтай үндэстэн юм. 
 
О.Болорцэцэг

Холбоотой мэдээ