Г.Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан уулзалт, өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-07-11 09:43:48
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Г.Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Амьдрал уран бүтээлийн уулзалт өдөрлөг” өчигдөр Зуунмод сумын Солонго цогцолборт боллоо.

Аймгийн ИТХ-ын хурлын тэргүүлэгчдийн 37 дугаар тогтоолоор төрөлх аймгийнхаа түүхт 95 жилийн ойтой хамтатган Бүрэн сумын уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Түүний амьдрал, уран бүтээлийн уулзалт өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, МУАЖ Д.Мэндбаяр, МУАЖ Ж.Лхамхүү, МУГЖ Г.Равдан МУГЖ, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг болон Г.Гомбосүрэн агсны охин Г.Энхтайван нар оролцож эрхэм хүнийг дурсан, сэтгэлдээ тодрох дурсамжаа эргэн санан, халуун дотно яриа өрнүүлсэн юм.

Арван гуравхан насандаа Бүрэн сумаас төмрийн лантуучны хийж ажил хөдөлмөрийнхөө гараагаа эхэлж байсан тэрээр худгийн моторчин, жолоочоор ажиллаж байжээ. Театрын тайзнаа анх 1942 оны долоон сард “Хатанбаатар Магсаржав” хэмээх жүжигт цагаан цэргийн офицер болж гарснаас хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип зэрэг Монголын театрын алтан сан хөмрөгт орсон үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжгийн гол дүрийг бүтээсэн байдаг.

Түүнчлэн “Говийн нүдэн”, “Гурван найз”, “Их хааны удам”, “Мандах нарны туяа”, “Мандухай цэцэн хатан”, “Мичидийн зургаан гялаан”, “Нүгэл буян”, “Тойрох хуудас”, “Улаан дарцаг”, “Үер” , “Өглөө”, “Хүний амь”, “Цогт тайж”, “Цэц магнай”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг дэлгэцийн олон бүтээлд өөрийн гэгээн дүрээ мөнхлөн үлдээжээ.

Лантуучингаас жүжигчин болсон түүнд нэг л өдөр өвлийн өвгөн болох хүндтэй хийгээд хариуцлагатай үүрэг ногдсон цагаас хойш 60 гаруй жил харшийн сүлд модны наадмын гол төлөөлөгч цал буурал өвлийн өвгөний дүрийг бүтээсэн бөгөөд энэ л дүрээр олон түмний сэтгэл зүрхэнд үлдсэн гэдгийг оролцогчид дурсан ярив.
 Т.Есүхэйтөмөр 
Холбоотой мэдээ