Азарганы уралдаанд уяач Ж.Баатархүүгийн саарал азарга түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-07-11 11:11:55
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 97 жил, аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Ж.Баатархүүгийн саарал азарга түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач О.Бат-Өлзийн хээр халзан азарга аман хүзүүдэв.

Харин их насны морьдын уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Бямбалхагвын хул морь түрүүлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Б.Баярмагнайн хонгор морь аман хүзүүдлээ.

Соёолон насны морьдын уралдаанд нийт 50 хурдан хүлэг уралдсанаас Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Г.Базаррагчаагийн зээрд соёолон түрүүлж, Төв аймгийн Зуунмод сумын уяач Д.Галбадрахын цавьдар соёолон аман хүзүүдлээ. Хязаалан насны морьдын уралдаанд Төв аймгийн Борнуур сумын уяач С.Сүхбаатарын хар хязаалан түрүүлж, Төв аймгийн Зуунмод сумын уяач С.Болдбаатарын хүрэн хязаалан аман хүзүүнд иржээ.

Шүдлэн насны уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач н.Шижирбатын шарга халзан шүдлэн түрүүлж торгон жолоо өргүүлсэн бол Төв аймгийн Баянхангай сумын уяач Н.Хүрэлгомбын хонгор халзан шүдлэн аман хүзүүдэж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгав.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ