Монгол Улсын баг Олон улсын математикийн олимпиадаас 6 медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-07-16 10:44:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Румын улсын Клуж-Напока хотод энэ сарын 04-14-нд болсон Олон улсын Математикийн 59 дүгээр олимпиадад  Монгол Улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.

Тэмцээнд нийт 107 орны 594 сурагч /60 эмэгтэй/ өрсөлдсөнөөс алтан медалийг 48, мөнгөн медалийг 98, хүрэл медаль 143 сурагч хүртсэн байна.
Эхний байрыг Английн Агнижо Банержий 42 оноо, АНУ-ын Жэймс Лин 42 оноо, АНУ-ын Михир Ананд Сингхал 40 оноогоор тус тус эзэлжээ
АНУ 212, ОХУ 201, Хятад 199, Украйн 186, Тайланд 183, Тайван 179, Өмнөд Солонгос 177, Сингапур 175, Польш 174, Индонез 171 оноогоор эхний 10 байранд шалгарч, багийн ахлагч Г.Баярмагнай, дэд ахлагч Б.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 132 оноогоор 28 дугаар байранд оржээ.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Олонлог сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Лханаажав мөнгө, Нэгдүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч М.Өнөболд хүрэл, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Санжаахүү хүрэл, Шинэмонгол сургуулийн 9 дүгээр ангийн сурагч О.Мишээл хүрэл, Нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Батмэнд хүрэл, Орчлон сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрбат хүрэл медаль тус тус хүртэв.
Сурагчдыг Олонлог сургуулийн Ш.Уранчимэг, Нэгдүгээр сургуулийн Н.Баянбат, З.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Р.Доржзовд, Шинэ Монгол сургуулийн н.Алтангэрэл, Орчлон сургуулийн Б.Батцэнгэл багш нар тус тус бэлдсэн юм.

Холбоотой мэдээ