Цагаачдаас бүрдсэн баг дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-16 19:04:45
twitter.com/Nyamkanmk
ПАРИС. /france24/. Цагаачид, цагаачдын хөвгүүд, цагаачдын ач зээ нар болон хэдэн үеэрээ Францад амьдарч үр удмаа үлдээсэн цагаач хүмүүсийн үр удмууд тус улсад дэлхийн аваргын хоёр дахь цомыг авчирлаа.

Францын шигшээ багийн тамирчдын гуравны хоёр нь цагаач гаралтай бөгөөд уг шигшээ багийг хөл бөмбөгийн гоц авьяастнуудаас бүрдсэн мини-НҮБ гэж нэрлэж болох юм. Тухайлбал тус улсын шигшээ багийн довтлогч Антуана Гризманны аав Германы цагаач, ээж нь Португал гаралтай бол Пол Погбагийн эцэг эх Гвинейгээс цагаачлан ирсэн байна. Харин Килиана Мбаппегийн аав нь Камерун хүн бол ээж нь Алжир гаралтай эмэгтэй ажээ.

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” тэмцээний финалын тоглолтын дараа Францын довтлогч Антуана Гризманна ярилцлага өгөхдөө, “энэ бол бидний хайртай Франц. Энэ мөч үнэхээр гайхалтай байна” гэж хэлсэн байна. Антуана Гризманна тоглолтын 18 дахь минутад чөлөөт цохилт хийснийг Хорватын шигшээ багийн тамирчин Марио Мандзукич мөргөн өөрийн хаалганд гоол оруулсан билээ.

Харин тоглолтын 59 дэх минутад Килиана Мбаппегийн хурдын ачаар Францын баг гурав дахь гоолыг оруулсан бол тоглолтын 65 дахь минутад Мбаппе дахин нэг гоол оруулсан. Өдгөө 19 настай тэрбээр ДАШТ-ны финалд оролцсон хоёр дахь залуу тамирчин болсон байна. Өмнө нь 1958 онд Пеле 17 насандаа ДАШТ-ий финалд тоглож байжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ