Хэлмэгдэгсдийн ар гэрт 16,2 тэрбум төгрөг нөхөн олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-09 13:43:36

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш буюу энэ сарын 10-нд тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог, нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн нар  мэдээлэл хийлээ.

Цагаатгах ажил эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл нийтдээ 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь тогтоогдож, нэр төр нь сэргээгджээ. 1998 онд баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулиар хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд гэх нийт 18 мянга 36 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор төрөөс олгоод байна. Хэлмэгдэгсдийг цагаатагах тухай өнөөгийн мөрдөж буй  хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болж байна. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах хуулийн төслийг өргөн барьжээ. Одоогийн байдлаар 3000 гаруй хүний нэр төрийг сэргээх, цагаатгах ажил явагдаж байгаа аж.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Сонгинохайрхан уулын ард байрлах Хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөж, Үндэсний түүхийн музейд гэрэл зургийн үзэсгэлэн нээх юм байна.

Мөн Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд