Халдун зүрхнээс Хульжийн халуун рашаан хүртэлх түүхийн жимээр аялахуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-17 11:19:25
Булган /МОНЦАМЭ/ Урин дулааны улиралд байгалийн сайхан, түүхийн ховор нандин дурсгалыг үзэж сонирхох аялагчид олон. Булган хангай байгалийн ч түүхийн ч хосгүй сайхан бүтээлээр баялаг нутаг.
Улаанбаатар хотоос баруун зүг зорчин Булган аймгийн Баяннуураас Могод сум хүртэлх аялахдаа сонирхож болох гайхамшигт ховор нандин түүхийн дурсгал байгалийн сайхны нэгээхэн хэсэгтэй танилцаж болох билээ.
Цогтын тайжийн цагаан байшин
Улаанбаатар хотоос 180 км засмал замаар Баяннуур сум хүрч, тэндээсээ зүүн хойд зүгт чиглэн Цогтын цагаан байшин хүртэл аялах болно.
Дашинчилэн сумын Халдунзүрх ууланд энгэр Хатан Туулын хөвөөнөө Халхын Цогт хун тайжийн үед байгуулсан Цагаан байшингийн балгас, гэрэлт хөшөө байдаг. Байшинг бяцхан довцог толгойн орой дээр барьсан бөгөөд дуган хэлбэртэй хятад дээврийн ваартай байжээ. Энэ байшинг хуучин барилгын суурь дээр барьж, хэрмийн доод хэсгийг чулуугаар өрж, дээш нь тоосгоор босгожээ.
Цогт хунтайжийн ээж Мадай Тайгал хатны өргөө номын сургууль байсан цагаан ордны суурь юм. Байшинг гадуураа хэд хэдэн жижиг хэрэмтэй, дуган хэлбэртэй, хятад вааран дээвэртэйгээр бариулжээ. Зүүн өмнөд хэсэгт хэрмийн хаалга байжээ.

Цагаан байшингийн барилгууд өнгө, өнгийн паалантай гоёмсог цэцэг чимэгт ваараар чимэглэгдсэн. Эргэн тойронд нь барилгын үлдэц олон байгаа нь түүнийг тойрон нэлээд олон хүн ам оршин сууж байсныг гэрчилнэ. Хэрмийн хэмжээ нь баруун урдуураа 119, зүүн урдуураа 208, зүүн хойгуураа 109, баруун хойгуураа 203 метр урт юм. Цогтын цагаан байшинг 1933-1934 онд Оросын эрдэмтэн Д.Д.Букинич бага сага малталт хийж шинжилсэн тухай тайлан одоо ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж байдаг гэнэ.
Цагаан байшингийн баруун талд Цогт тайж, эх Чин Тайху хатны хамт 1601-1617 оны хооронд буюу 17 жилийн хугацаанд зургаан сүм байгуулсныг өгүүлсэн саарал боржин чулуун бичигт хөшөө байдаг.

Тэр хөшөөнд энэхүү байшингийн цогцолбор дурсгалыг 1601 оноос барьж эхэлсэн тухай түүхийг монгол, төвдөөр бичжээ. Энэ хөшөөнөө “Туул мөрний тансаг талын өрнө зүгт Халдудын зүрхэн нэрт уулын өмнөд этгээдэд төмөр үхэр жилийн хөхөө сарын 15-наас Сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой (1617) жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав” гэсэн бичээс бий. Цагаан байшингийн барилгууд нь 1627-1630 оны хооронд дотоодын ноёдын дайн самуунд олон дахин өртсөнөөс болж дахин сэргээгдэж чадаагүй юм. Энэ орд харшийн дурсгалыг 1971 онд улсын хамгаалалтад авчээ. Туул голын хөндийн энэ хавь газрыг Бор булан гэдэг бөгөөд ямар ч зун гандаж хуурайшдаггүй нутаг ажээ. Тиймээс ч Баяннуур сумынхан энэ нутгаас хадлан бэлтгэдэг юм.
Чин толгойн балгас
Цогтын цагаан байшинг үзэж сонирхоод Чингийн нуурын дэргэд түр саатаж, түүний баруун зүгт байх нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын туурийг үзэж боломж бий. Эндээс борогчингийн хөндийн засмал замаар шуугих машины цуваа алган дээр юм шиг үзэгдэнэ.
Дашинчилэн сумын төвөөс зүүн тийш 16 километрт Чин хайрхан хэмээн дээдэлдэг жижиг толгойн өвөрт эртний хотын туурь байдаг. Чин толгойн балгас нь Чин толгой дээрх харуулын цонж, хэрмийн туурь, хэрмийн гадна оршин сууж байсан иргэдийн гэрийн буурь зэргээс бүрддэг. Хэрмийн баруун хойно  байх харуулын цонжийг боржин болон хар саарал цахиурлаг чулуугаар босгосон байх бөгөөд одоогийн байгаа өндөр нь 10 метр юм. Энэ өндөрлөгөөс зүг бүрт 20-30 километр газрыг харж болох ажээ. Энд эртний гэрэлт хөшөөний суурь, хоёр том чулуун мэлхий бий. Хэд хэдэн дээврийн ваар олдсон нь Кидан бичигтэй байжээ.

Чин толгойн хэрмийн эргэн тойрноос 1000 орчим айлын зуухны үлдэц илрүүлээд байна. Судалгаа хийснээр Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэдэг нь тодорхой болжээ. 
XIII зууны үед Монгол газраар дайран өнгөрсөн хятад лам Чань Чун Бумба энэ балгасыг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичсэн байдаг бөгөөд Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ. Чин толгойн баруун талд Хадаасангийн балгас буюу Хар бухын балгас, зүүн талд нь Талын улаан балгас байдаг ажээ. Эдгээр нь бүгд нэгэн цаг үед хамаардаг. Сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд аймгийн 20 мянга гаруй цэрэг сууж байснаас гадна Хятад, Зүрчидийн 700 гаруй өрхийг цөлөн суулгаж байсан гэдэг. Судлаачдын үзэж байгаагаар Чин толгойн балгасыг анх Уйгарын үед байгуулж эхэлсэн бөгөөд түүнийг Кидан гүрний үед үргэлжлүүлэн тэлсэн гэдэг. 

Хожим XYII зууны үед Цогт хунтайжийн цэргийн хүрээ, түүний харуулын индэр байжээ. Хэрмийг нь хөрзөнгөөр барьсан нь уран барилгын хувьд сонин жишээ болдог. Энэ харуулын чулуун овоо нь сууриараа 40 метр голчтой, өндөр нь 30-аад метр байсан болов уу гэмээр том ажээ. Уулнаас чулуу зөөж босгосон харуулын овоо юм.
Чин толгойн балгасыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. Эндээс Лүн-Дашинчилэнгийн засмал замдаа орж Дашинчилэн сумын төвөөр дайрч, сумын төвөөс баруун зүгт 12 километр зайд Хар бухын голын гүүрний дэргэд байдаг Хар балгасыг үзэж сонирхоход зам хазайхгүй.
Хар балгас
Нутгийнхан Хунтайжийн балгас, Хадаасангийн балгас гэдэг. IX-X зууны Кидан бичээстэй дээврийн ваарнууд олдсон нь Чин толгойн балгаснаас гарсантай яг ижил байсан учраас Киданы үед хамааруулан үздэг.
Хэрмийн туурийг үзвэл хааш хаашаа 500 метр орчим талбайтай байсан нь мэдэгдэж, түүний дотор баруун зүүн тийш гарсан гол гудамжны хоёр талаар хотын барилгууд байсан оромтой бөгөөд зарим нь тусгай хэрэм, шуудуун хамгаалалттай байжээ. Хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн алаглуулж өрж барьсан гайхамшигтай танилцан өвөг дээдсийнхээ хөдөлмөрч, ур ухааныг гайхан бишрэх болно.

Энэ балгас орчмоос эрдэмтэн Х.Пэрлээ XY-XIY зууны үед холбогдох үйсэн дээр бичсэн Монгол хуулийн эмхэтгэлийг олжээ. Тэдгээр үйсэн номнуудад янз бүрийн шашны сэдэвтэй судар, хууль цаазын эмхэтгэлүүд, Монгол бичгийн цагаан толгойн үсэглэл зэрэг зүйлүүдийг бичсэн байжээ.
Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягийг илэрхийлдэг. Эртний судлаачдын судалснаар Хар балгас Уйгарын хааны хааны орд өргөө төрийн яам, хороод, гар үйлдвэр, худалдааны хороод шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд урагшаа 25 км зайд үргэлжилсэн их хот байсан нь мэдэгджээ. Хэрэм хэмжээгээрээ ихийн дээр түүний хана туурга нэлээд нурсан боловч цайз одоо 12 метр, хэрмийн төв дэх /хараат/ 14 метр өндөр байна. Хэрмэн доторх малтахад үзэмжит сайхан барилгын ор үлдсэн байна. Энэ Хятадын Тан улсын үед холбогдох юм байна. Цайзат хэрмийг тойруулан тусгай шороон цонж байсан агаад цайзын гадаад буланд налуулан хийсэн цонжийг цэргийн зорилготой гэж үздэг.
Энэхүү Хар бухын балгасыг 1998 онд улсын хамгаалалтад авсан байна.
Эндээс Дашинчилэн-Өгийнуурын засмал замаар 50 км зорчин Могод сумын зүг баруун хойд зүг хөлгийн жолоо эргүүлнэ.
Түрэгийн Алтан тамгат дархны бичигт хөшөө
Могод сумын төвөөс урагш 35-км орших Түлээ уулын зүүн хөндий Асгатын голын баруун талд эртний Түрэгийн үеийн цогцолбор дурсгал бий. Энэхүү дурсгал нь шинжлэх ухаанд Хөл Асгатын гэх нэрээр оржээ. (552-745) 552 онд түрэг аймгууд Нирун улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч Буманы тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Эртний Түрэгийн соёлын нэг гайхамшиг нь тайлгын онгоны нэг бүрэлдэхүүн хэсэг болох хүн чулуун хөшөө юм. Тухайн үеийн хүмүүсийн төрх байдал, хувцас, өмсгөл эд хэрэглэл гоёл чимэглэлийг онцлон үзүүлжээ. Энэ дурсгал дөрвөн хавтан чулуу ирмэглэн суулгаж үйлдсэн, өргөрөгийн дагуу байрлалтай хоёр хашлагаас бүрдэнэ.

Зүүн тийш хандсан хашлаганы дотор талын гадаргад зэрэгцэн сууж байгаа гурван хүний дүрсийг товойлгон сийлжээ. Дунд талын хүнийг эгц урдаас нь харуулж завилан суугаа, захын хоёр хүнийг ташуу байдалтай, сөхрөн сууж байгаагаар дүрсэлсэн байна. Гурвуул гозгор оройтой, түрэгийн хөшөө дурсгалд элбэг тохиолддог малгайтай, баруун гартаа ваар сав барьжээ. Эдгээрийн доогуур хээ угалз бүхий өргөн тууш зурвас дүрсэлсэн нь тэр гурван хүн хивсэн дээр сууж буйг цохон харуулсан санаа бололтой. Зурагт хавтангийн зүүн дээд өнцөгт янгир тамга, түүний дээр сууж байгаа шонхор шувууны дүрс, дээгүүр нь нэг мөр руни бичиг сийлжээ. Хавтангийн баруун хажууд мөн нэг мөр руни бичиг бий. Үүнээс гадна, уг хашлагын нэг хавтан байж болмоор том хавтгай чулууг хожим малтлагаар гаргаж ирэхэд мөн дээрээ янгир тамга болон руни бичээстэй байсан байна.
Бичээст өгүүлснээр бол Алтан тамган дархан, түүний хоёр хүү Торгул, Иелгек нарын нас нөгчсөнд зориулан Алтан тамган дарханы дүү Текеш Куль-Түдүн гэгч босгосон хөшөө ажээ.
Эндээс орон нутгийн замаар зорчин Могод сумын төвд байдаг Хульжийн халуун рашааныг зорин амарч сувилуулах боломжтой.
 “Хульж ресорт” рашаан сувилал
Монгол орны элдэв өвчнийг анагаах чанартай рашаан усны дотроос Хульжийн халуун рашаан, эрдэс шавар бүхий газар яах аргагүй чухал байр суурийг эзэлдэг.
Нэн эрт үеээс ихэс дээдэсээс авхуулаад эгэл ардууд Хульжийн рашааныг зорин очиж таалан хүртдэг байсныг ном сударт тэмдэглэн үлдээсэн байдаг.
Эрдэмтдийн нарийвчилсан судалгаа Хульжийн халуун рашаан нь сульфат натрийн найрлагатай, бага эрдэсжилттэй, өндөр темпартуртай, шүлтлэг чанартай гэж тодорхойлжээ.
Энэ рашааныг түшиглэн “Хульж ресорт” халуун рашаан сувилалын газар шинээр байгуулагдсан бөгөөд жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах ба нэг ээлжиндээ 150 хүртлэх амрагч хүлээн авах хүчин чадал юм.

Тус халуун рашаан сувилал нь 38-42 градусийн халуун рашаан, шүршүүр, бассейн, саун, халуун шавар, ванн, шингэрүүлсэн шавар ванн,  бариа засал, саам эмчилгээ гэх зэргийн үйлчилгээтэй бөгөөд мэдрэлийн систем, халдвар, харшил, үе мөч, зүрх судас, амьсгалын болон арьс салст зэрэг олон  өвчин эмгэгийн анагаах увидастай юм.
Хульжийн халуун рашаан Улаанбаатар хотоос 320 км зайтай байдаг.   
Булган  аймгийн Баяннуур, Дашинчилэн, Могод сумын нутгаар аялан Халдун зүрхнээс Хульжийн халуун рашаан хүртэлх байгаль, түүхийн сонин гайхамшигтай танилцан аялж амрах нэгэн дөт зам ийм байна.
Хульжийн халуун рашаанд амарч сувилуулаад Архангай аймгийн үзэсгэлэнт газруудаар аялах, Булганхангайн сайхан байгаль уул ус, рашаан ус цогцолсон Сайхан, Баян-Агт сум руу хөлгийн жолоо залах зам зурайж буй.
М.Батжаргал

Холбоотой мэдээ