ДАШТ-ий шигшээ тоглолтыг АНУ-д 16 сая хүн телевизээр үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-07-18 09:41:53
НЬЮ-ЙОРК. /АП/. ОХУ-д саяхан болж өнгөрсөн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Франц-Хорватын хооронд өрнөсөн шигшээ тоглолтыг АНУ-д 16 сая гаруй хүн телевизээр үзэж сонирхсон тухай “Ассошиэтед Пресс” агентлаг лхагва гарагт мэдээлэв.

Дээрх тоглолт нь өнгөрсөн долоо хоногт америкчуудын хамгийн их үзсэн телевизийн хөтөлбөрт тооцогдсон хэдий ч 2014 оны ДАШТ-ий шигшээ тоглолтыг АНУ-д 26.5 сая хүн үзэж байсантай харьцуулбал үзэгчдийн тоо илэрхий буурсан байна.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтыг АНУ-д ийнхүү харьцангуй цөөн хүн үзсэн нь Америкийн шигшээ баг урьдчилсан шатны сонгон шалгаруулах тэмцээнээс хасагдаж, энэ удаагийн ДАШТ-д оролцож чадаагүйтэй холбоотой болов уу хэмээн таамаглаж байгаа юм байна.

Европ тивийн хоёр баг шигшээ тоглолтод учраа таарсан хэдий ч тус тивд уг тоглолтыг үзсэн хүний тоо өнгөрсөн ДАШТ-тэй харьцуулахад мөн л цөөн байсан байна. Энэхүү тоглолтыг дэлхий даяар хичнээн хүн үзсэн тухай тодорхой мэдээ одоогийн байдлаар гараагүй байгаа ажээ.

Шигшээ тоглолтыг Франц улсад 19.3 сая хүн үзэж сонирхсон нь хоёр жилийн өмнө болсон “Евро-2016” тэмцээний үзэгчдийн тоотой харьцуулахад мөн л цөөн тооны хүн үзсэн үзүүлэлт болжээ. Харин Хорват улсад 1.6 сая хүн уг тоглолтыг телевизээр үзсэн байна.
 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ