Хоршооллын асуудлаар өндөр түвшний хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-18 10:01:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хоршооллын өдрийг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 5-нд НҮБ-ын төв байранд Хоршооллыг дэмжих хороо, Аргентин Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар “Олон улсын хоршооллын өдөр: Тогтвортой нийгмийг хоршооллож цогцлоох нь” сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт НБДГ-ын Эдийн засаг, нийгмийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо болон гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор цэвэр ус, эрүүл ахуй, эрчим хүч, тогтвортой хот, хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээ, хүрээлэн буй орчны талаарх зорилтуудыг хэрэгжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, түүний давуу чанарыг үр дүнтэй ашиглах асуудлаар ярилцав.
 
Уг хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, хоршооллын талаар авч хэрэгжүүлж буй манай бодлого, үйл ажиллагаа, хоршооллын хөгжлийн өнөөгийн байдал, ололт амжилт, сорилт бэрхшээл, цаашдын зорилтын талаар танилцуулав. Хоршооллыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн ач холбогдлыг тэрээр онцлов.
 
Манай улс хоршооллыг дэмжих талаарх олон улсын хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж ирсэн бөгөөд “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1992 оноос эхлэн 2 жил тутам санаачлан батлуулж ирсэн билээ.
 
Холбоотой мэдээ