“Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хоёрдахь хэсэг эхлэхтэй холбоотой сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-07-19 08:20:48
Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдэд чиглэл өгөх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус сургалтад Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч, лаборант нар, Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд болон 15 сумдын Засаг дарга, эрүүл мэндийн төвийн дарга, лаборант зэрэг 70 гаруй хүнийг хамруулжээ.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатанд 15-39 насныханд чиглэсэн үйл ажиллагааг хийх ажээ. Өнгөрсөн жил Дундговь аймгийн 40-65 насныханд хийсэн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 12 орчим хувьд С вирус, 10 орчим хувьд В вирус илэрсэн байна. Үүнээс үзэхэд иргэдийн дунд B, C вирус байгаа тул түүнийг эрт илрүүлэх нь тус хөтөлбөрийн гол зорилго юм.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамрагдахын тулд иргэн Эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай аж. Иймд зорилтот бүлгийнхнийг эрүүл мэндийн даатгалд идэвхтэй хамруулах зэрэг олон арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж, хариуцсан удирдлага, мэргэжилтнүүдэд чиглэл олгосон байна.

 
Б.Ундармаа
Холбоотой мэдээ