Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-20 17:31:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нөөцийн сангаас Баян-Өлгий аймагт хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа өнөөдөр нийслэлээс хөдөллөө.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын энэ сарын 14-16-нд үргэлжлэн орсон борооны улмаас найман багийн 530 өрхийн 2512 хүн үерт өртсөн. Тиймээс Улсын онцгой комиссын энэ сарын 19-ний хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80 ширхэг, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг олгохоор шийдвэрлэсэн юм.

Тус аймгийн Онцгой байдлын комиссоос яаралтай арга хэмжээ авч, 150 хүнийг аюулгүй газар татан гаргаж, 180 өрхийн 670 иргэнийг ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн дотуур байр, цэцэрлэгийн байранд байрлуулсан. Мөн 82 өрхийн, 177 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд одоогоор 18 байгууллагын  618 хүн, 107 нэгж техниктэйгээр гамшгийн голомтод ажиллаж байна.

Түүнчлэн энэ сарын сүүлийн 10 хоногт Баян-Өлгий аймагт үргэлжлэн бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас анхааруулж буй юм.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ