Монголын хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд сурталчлах форум болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-07-22 18:10:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Япон улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, Экспорт-олон улсын худалдааны төв хамтран "Монгол-Японы бизнес форум"-ыг Токио хотноо амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан "Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах, экспортын зах зээлийг бий болгоход тулгарч буй асуудлыг шийдэх, гадаад зах зээл дээр экспортын боломжит бүтээгдэхүүнийг таниулах, маркетинг хийх, Монгол улсаас Япон руу хийх экспортыг нэмэх, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх зорилтыг хангахад чиглэсэн юм.
Японы талаас тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Жижиг, дунд бизнесийг дэмжих төв тэргүүтэй 120 гаруй бизнес эрхлэгчид, Монголын талаас 15 байгууллага, тэдгээрийн төлөөлөл оролцсон форумыг нээж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Д.Батжаргал, Японы ХАҮТ-ын гадаад худалдааны газрын дарга Акахи болон зохион байгуулагчдыг төлөөлөн ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн дэд захирал А.Амаржаргал, Экспорт олон улсын худалдааны төвийн тэргүүн Л.Баян-Алтай нар үг хэлсэн юм.

Энэ үеэр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн дэд захирал А.Амаржаргал “Монгол Улсын бизнесийн орчин, жижиг, дунд бизнесийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, Япон Улстай хамтран ажиллах боломжууд” сэдвээр илтгэл тавьж, Япон улсын бизнес эрхлэгчдийг салбарын бодит мэдээллээр хангалаа. Мөн Монгол Улсын ХАА-н бирж, Экспорт олон улсын худалдааны төв, “Монос” групп, “Марал Дизайн”, Спирит оф Натур зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын ноос ноолуур, арьс шир, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, тээвэр зууч, ажиллах хүч зуучлалын чиглэлийн ААН, байгууллагууд үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрсдийн нөөц боломж, чадавх, онцлог давуу талыг танилцуулсан. "Монгол-Японы бизнес форум"-ын хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг экспортод гаргахад бодит үр дүнгээ өгөхүйц хамтын ажиллагааны эхлэлийг тавьсныг онцлон тэмдэглэж байна. Үүнд, Монголын талын төлөөлөгчдийг Кавасаки хотын ХАҮТ-ын дарга Осамицу Ямада тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзсаны үр дүнд талууд хамтран ажиллах санамж бичиг үсэглэлээ.
Б.Болд
Холбоотой мэдээ